Ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр маргааш, энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2022 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 17, 20-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.