Ж.Оюунмаа: Хөвсгөл нуурыг 1800-гаад оны үеэс судалж эхэлсэн түүхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-23 16:55:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-аар Хөвсгөл нуурыг судлах төв байгуулж, нуурын усны чанарын лабораторийг шинэчилж, өргөжүүлэх талаар хөндсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ талаар онцолсон юм. Судалгааны төв байгуулах талаар “Хөвсгөл Далай ээж” нийгэмлэгийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюунмаагаас тодруулав. Тэрээр “Хөвсгөл нуурын экосистемийн үнэ цэн ба судалгааны төв байгуулах шаардлага” сэдвээр чуулганы салбар хуралдаан дээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.




-Хөвсгөл нуурыг өмнө олон удаа судалж байсан гэсэн. Тэдгээрийн үндсэн дээр судалгааг нэгтгэсэн төв байгуулна гэж ойлгож байгаа. Та өмнөх судалгаануудын талаар мэдээлэл өгнө үү?

-Ер нь бол, Хөвсгөл нуурыг судлахгүйгээр ашиглаж болохгүй юм. Миний илтгэлийн гол санаа энэ. Уг нь нуурын судалгааг өмнө зөндөө хийж байсан юм. Гол нь тэдгээрийг эргэн харж ашиглахгүйгээр, ямар ч шинжлэх ухааны үндэслэл, төлөвлөлт байхгүйгээр нуурыг ашиглаж байна. Үүнээс үүдсэн сөрөг нөлөөлөл их гарч байна. Бид өнөөдөр нуурын усыг бохирдуулж болохгүй, цэвэр усны нөөцийг хамгаалах хэрэгтэй гэж их ярьж байна. Гэхдээ эргэн тойрны уул ус, ой, газар нутаг, хөрс, ургамал, ан амьтан зэрэг экосистемийн талаар бага хөндөж ирсэн.

Жишээ нь, Хөвсгөл нуурын үндсэн гол тэжээл нь баруун болон хойд талаар хүрээлж байдаг зэргэлдээ орших өндөр уулс хур цас ихтэй, мөстлөг байдаг. Нуур ууршиж уулсад орох хур тунадаст мөн нөлөөлдөг. Энэ хоёр нөлөөллийн баланс одоодоо хасах талтай байгааг эрдэмтэд хэлж байгаа.


 Бид дандаа нуур орчмын дээд ургамал, цэцэгт ургамал, хөхтөн амьтан, хөрсийг ярьдаг. Шавж хорхойноос аваад усан доорх ан амьтан, ургамал хагд хөвд зэргийг нарийн судлахгүйгээр нуурын үнэ цэнийг гаргаж ирж чадахгүй шүү дээ. Тэр нарийн судалгааг гадаадынхан их сонирхдог. Ийм байдлаар гадна, дотны судлаачдыг нэгтгэсэн судалгааны төв байгуулбал наанадаж аялал жуулчлалыг төлөвлөлттэй хөгжүүлэх зэрэгт их таатай нөлөөтэй.






-Урьд нь ямар ямар судалгааг хэн, хэзээ хийж байв. Ямар үр дүнтэй байв?

-1800-гаад оны үеэс Оросын эрдэмтэд судалж байсан юм билээ. Гэхдээ тэр нь эрээвэр хураавар байсан. Хамгийн цогц судалгааг 1970-1990-ээд оны үед Оросын Эрхүү хотын болон манай МУИС-ийн хамтарсан, иж бүрэн биологийн экспедиц хийж, нуурын гадна амьд болон амьд бус бүх организмыг судлан том атлас гаргаж байсан юм. Ийм хэзээ ч хувирахгүй том суурь судалгаа байж байна. Гэтэл тэрийг харах ч хүн алга, ашиглахгүй байна.

Монгол-Оросын хамтарсан судалгаанаас гадна АНУ-ын Филадельфийн их сургуулийн Клайд Колдин цэвдгийн судалгааг хийж манай академийн 20-иод судлаачийг бэлтгэж байсан. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг Англи, Америкийн эрдэмтэд хийж байсан. Энэ бүхний үр дүнд Хөвсгөл нуурын байдал үнэхээр доройтож цаг уурын нөлөөлөлд өртсөн байна гэж гарч байсан. Түүнчлэн АХБ усны чанарын мониторинг 3 жил хийж, бохирдсон цэгүүдийг илрүүлж байсан.




Мөн Тусгай хамгаалалтын газар мэргэжилтнүүддээ түшиглэн судалгаа хийсэн. Би тэнд ажиллаж 1986-2009 он хүртэлх ургамлын бүлгэмд цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байсныг судалж байсан. Гэтэл одоо тэдгээрийн үр дүнг хардаг, ашигладаг, хэрэглэдэг хүн алга.


Өмнөх судалгаануудаар Хөвсгөл орчимд 200 орчим мянган толгой мал байх бэлчээр нутгийн даацтайг тогтоогоод гаргачихсан. Бид мөн аялал жуулчлалын даацын хэмжээг хүртэл тогтоосон юм.


Даанч бүгд ахуйн ажил, бизнес талаас нь хараад судалгааны дүнгүүдийг хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс судалгааны нэгдсэн төв байгуулах шаардлага гарч ирж байна. 





相关新闻