УГТЭ-т хавдрын байршлыг өндөр нарийвчлалтай тогтоох төхөөрөмж суурилууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын тоног төхөөрөмжийн мэргэшсэн мэргэжилтнүүд энэ сарын 22-23-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирж “BRAIN LAB” брэндийн мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмжийг суурилууллаа.
Энэ үеэр тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулав.
Мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмж нь гурав хэмжээст дүрслэл ашиглаж тархи нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрын байрлалыг өндөр нарийвчлалтай тогтоодог.
Энэхүү төхөөрөмжийг ашигласнаар гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээний үед эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага учирдаг төдийгүй тархины гүнд байх амьсгал, зүрх судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авахад чухал ач холбогдолтой юм.
Мөн мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаад улсад
эмчлүүлэх урсгалыг бууруулах боломжийг бүрдүүлж байна.
Ташрамд дурдахад, “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус эмнэлэгт эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхыг дээшлүүлэхэд нэн шаардлагатай мэс заслын багаж хэрэгсэл, өндөр өртөг, хүчин чадал бүхий оношилгоо эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн юм.