Зөвшөөрөлгүй барилгуудад хяналт тавихыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, ЗЦГ, НОБГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд онц ноцтой гэмт хэрэг, зөрчил гараагүй гэдгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиисар Ч.Болдбаатар онцлов.
Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн 4137 дуудлага ирсэн. Зам тээврийн ослын улмаас 6 хүн амиа алдсан. Наадам болон АСЕМ-ийн уулзалтын хамгаалтад 720 орчим албан хаагч ажилласан. Хөдөө орон нутгаас мөн нэмэлт хүч авч ажилласны үр дүд АСЕМ-ын уулзалтын үеэр Улаанбаатар хотод зам тээврийн осолтой холбоотой дуудлага ирээгүй” гэлээ.
НОБГ өнгөрсөн өдрүүдэд гамшиг ослын 133 удаагийн дуудлага хүлээн авч ажилласны 97 нь обектын гал түймрийн дуудлага байжээ. Мөн Улаанбаатар хотод тарваган тахал өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд нэвтрэх тээврийн товчоодод мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналтын цэг ажиллуулж байгааг НОБГ-ын дарга Н.Уламбаяр хэлээд “ОХУ-ын Сибирь, Байгаль нуур орчим гарсан их хэмжээний түймрийн улмаас Улаанбаатар, Сэлэнгэ, Булган Дархан аймгуудад утаатай байна” хэмээв.
Түүний дараа НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар нийслэлд 27 барилга зөвшөөрөлгүй баригдаж байгаа юм. Эдгээр барилгуудад зөвшөөрөл авах албан шаардлага хүргүүлсэн байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай, гарц хааж барьсан 2 барилгыг албадан буулгах, барилга эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авсан байна.
Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй барилга барих асуудалд холбогдох газрууд болон дүүргийн Засаг дарга нар хяналт тавин ажиллахыг үүрэг болгов. Мөн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн засварыг яаралтай дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдлээ.
Ч.Ариунболд