Эмнэлгийн яаралтай тусламжийн бүрэн тоноглосон 7 автомашиныг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зорилгоор эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай “Ниссан Патрол” маркийн 7 автомашиныг гардуулав.
Эдгээр автомашиныг
хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг
шаардлагатай бүх техник хэрэгслээр тоноглосон бөгөөд төв, орон нутгийн ялангуяа
өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд коронавируст
халдварын эмчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Түүнчлэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд цаг
алдалгүй түргэн шуурхай хүрэлцэн очиж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг
үзүүлэх, осолдож, бэртэж гэмтсэн иргэдийн амь насыг аврах, эмнэлгийн яаралтай
тусламж үзүүлэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нарын албаны хүмүүс оролцсон юм.