Хотхоны оршин суугчдыг зөөврийн усаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-03 19:59:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дархан сумын 11-р багийн нутаг дэвсгэр Шинэ хорооллын 21-р байрны ард байрлах цэвэр усны хуванцар шугам, хоолойд гэмтэл гарсан. Уг гэмтлийг арилгахаар "Дархан-Ус суваг" ХК-ийн инженер, техник, засварын  албаныхан ажиллаж байна.  

Уг гэмтлээс шалтгаалан 11-р багийн 13 болон 6 дугаар хорооллын 18, 21, 24, 27-р байр, Хүслийн хотхон, "Дархан" зочид буудал, "Royal" зочид буудал, "BSB" цахилгаан барааны дэлгүүр зэрэг аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдийн хэрэгцээний цэвэр усыг түр хугацаагаар хязгаарласан. Энэ хугацаанд хэрэглэгчдийн ахуйн хэрэгцээг хангах зорилгоор "Дархан Дулааны Сүлжээ" ТӨХК-иас хэрэгцээний халуун усыг шууд схемээр холбосон байна. Мөн шугам хоолойн гэмтлийг засварлах ажил үргэлжилж буйтай холбогдуулан “Хүслийн хотхон”-ны оршин суугчдын тавьсан хүсэлтийн дагуу “Дархан-Ус суваг” ХК зөөврийн машинаар ундны цэвэр ус түгээж байна.

Засварын ажил явагдах хугацаанд хэрэглэгч та бүхнийг үүссэн нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандан, хэрэглээгээ түр зохицуулахыг "Дархан-Ус суваг" ХК-ийн зүгээс хүслээ.

相关新闻