Давхардсан тоогоор 350 гаруй санал, шүүмжлэл, асуулт иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар “Иргэдийн индэр” асуулт, хариултын уулзалтыг танхим болон онлайнаар шууд зохион байгуулаа.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа,
хотын хөгжилтэй холбоотой иргэдийн сонирхсон асуултад шууд хариулах
үйл ажиллагаанд аймгийн
Засаг даргаас гадна МХГ, БОАЖГ, ГХБХБГ, СХЗХ, СТСХ, ХБТХ, болон
Дархан сумын засаг дарга нар оролцлоо. Нийт дөрвөн цаг үргэлжилсэн анхны
уулзалт ярилцлагад 20 орчим иргэн
биечлэн оролцсон бол 1000 орчим иргэн
онлайнаар оролцож санал, шүүмжлэл хэлж, асуулт асууж хариулт авсан юм. Олон
иргэнийг хамруулах үүднээс Дархан-Уул аймаг, DBS TV, Цэц.мн пэйж
хуудсуудаар шууд дамжуулж иргэдэд цахимаар оролцох боломжийг олгосон. Мөн 7037-1212 нээлттэй утсаар болон шууд дамжуулалтын
сэтгэгдэл хэсэгт
давхардсан тоогоор нийт 350 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ.
Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу
дараах асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тодруулбал Дархан сумын дөрөвдүгээр багт байрлах ОХУ-аас 2020 онд шилжиж ирсэн хоёр байранд өмнө нь гадаадын өмчид
байсан учир шугам сүлжээ, дээврийн засвар огт
хийгдээгүй. Тиймээс энэ жил тус байрны инженерийн шугам сүлжээ, дээврийг
засварлахаар боллоо.
2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс
эхлэн зөвхөн сурагч хүүхэд, багачуудын
зорчигч тээвэрт зориулан дөрвөн автобусыг явуулж эхэлнэ.
Төрийн бүх шатны байгууллагууд энэ
сарын есний өдрөөс эхлэн
иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ цахим үнэмлэхийг нотариатаар батлуулахыг
хориглолоо. Ингэснээр иргэд төрийн ямар
нэгэн үйлчилгээ авахдаа цахим үнэмлэхээ заавал нотариатаар батлуулах
шаардлагагүй бөгөөд хэрэв дээрх зүйлийг шаардсан тохиолдол аймгийн ЗДТГ-т
мэдэгдэхийг анхаарууллаа.
Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б байрны ард талд автомашины зогсоол бий болгох ажлыг сургуулийн удирдлагатай хамтран зохион байгуулах саналыг засаг дарга хүлээн авлаа. Өглөө, өдөр, оройн ээлжийн хичээл орох, тарах цагт түгжрэл үүсдэг байдлыг зогсоох арга хэмжээ авна гэлээ.
Мөн
Экологийн зөрчилтэй холбоотой асуудлыг энэ сард багтаан газар дээр нь хэвлэл
мэдээллийн байгууллага, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж шалгах арга хэмжээ авахаар боллоо. "Иргэдийн индэр" уулзалтыг 14 хоногт
нэг удаа зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ
гэдгийг аймгийн засаг дарга онцолж байлаа.



