Цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног түр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-15 16:27:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хязгаарлахаар боллоо. Учир нь бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Риновирусний гаралтай томуу, томуу төст өвчин хүүхдүүдийн дунд эрчимтэй тархаж нийт хүүхдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг Эрүүл мэндийн газраас танилцуулсан. Өнгөрсөн 7 хоногт амбулаториор 160 орчим хүүхэд үзүүлсэн аж. Нийт үзүүлж буй хүүхдүүдийн 80 орчим хувийг ес хүртэлх насныхан эзэлж байна. Тиймээс 2022.03.28-ны өдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хязгаарлаж буйг мэдэгдлээ.

Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан Нэгдсэн эмнэлэгт нэмэлт ор дэлгэж 164 хүүхэд хэвтэх боломжийг бүрдүүлжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 124 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд нэмж ор дэлгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор хоёрдугаар төв, ахмадын төвд нийт 80 ор бэлдэх үүргийг ЭМГ-т үүрэг болголоо. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн амбулаториор үйлчлүүлэгчдийн ачааллыг багасгах үүднээс хуучин Дарханд байрлах ЭМГ буюу хоёрдугаар төвд хүүхэд хүлээн авах түр амбулатори ажиллуулж байна.

Мөн уг шийдвэртэй холбогдуулан тав хүртэлх настай хүүхэдтэй эцэг, эхчүүдийг шаардлагатай тохиолдолд цахимаар зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэхийг төрийн байгууллагуудын удирлдагуудад үүрэг болголоо.

 

相关新闻