Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарт анхаарал татаж буй асуудлаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.
Коронавируст халдварын тоо харьцангуй багасаж, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж. Энэ нь нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн 15-18 хувьтай тэнцэж байна. Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 нь хэвтэн эмчлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.
Нийслэлчүүдийн 54 хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх III тунд хамрагдсан бол IV тунд 6.3 хувь нь хамрагджээ. Мененгит өвчин өмнөх долоо хоногт гарсан хоёр тохиолдлоос өөр нэмэгдээгүй гэдгийг тэрбээр тодотгов.