Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр 92 хувийн саналаар сонгогдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэрээ татсанаар өрсөлдөөн Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын хооронд болж, 151:12 гэсэн илт давамгай саналаар ялалт байгуулж. Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр 92 хувийн саналаар сонгогдсон Батболдын Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд “Токио-2020” Олимпын наадамд оролцсон Монголын багийн ахлагчаар ажилласан юм. Тэрбээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон билээ.
Мөн 2015 онд Монголын бадминтон сонирхогчдын холбооны
Ерөнхийлөгч, 2017 оны Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний
сонгуульт ажлыг хүлээн авсан. Түүнчлэн 2020 онд ОУОХ-ны Гишүүнээр сонгогдсон юм.