Хууль хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ИТХ-д Замын-Үүд болон Эрдэнэ сумын малчид, төлөөлөн удирдагч Ө.Хүрэлхүүгээс тус сумын нутагт хайрга олборлож байгаа талаарх гомдол 2016 оны 7 дугаар сарын 08-нд иржээ.
Иргэдийн санал гомдолтой холбогдуулж тус аймгийн ИТХ-ын Ажлын хэсэг 2016 оны 7 дугаар сарын 25-нд тухайн газарт очиж ажилласан байна.
Энд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН 2719/0240” төслийн хүрээнд ложистикийн төвийн барилга, төмөр зам, авто замын барилга, гүүрэн гарц угсралтын ажилд шаардлагатай карьерыг БНХАУ-ын “Төмөр замын 21 дүгээр товчоо” групп олборлохоор анхан шатны ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Ажлын хэсгийнхэн гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаатай танилцаж Монгол Улсын хууль дүрмийг чанд мөрдөж ажиллах талаар шаардлага, зөвлөмж, чиглэл өгсөн байна.
Мөн энэ асуудлаар ирүүлсэн иргэдийн санал хүсэлтэд хариу өгөв. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашигтай өрсөлдөхүйц найдвартай холимог тээврийн хэрэгслийг хөгжүүлж тээвэр зуучийн салбарт томоохон бүтээн байгуулалт бий болж улсын эдийн засгийг тэтгэх аж.
Х.Эрдэнэбулган