НЭМҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шим тэжээл, орчин, хор судлалын шинжилгээг гүйцэтгэх иж бүрэн лавлагаа лабораториудын хүчин чадлыг сайжруулан нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв судалгаа, шинжилгээний ажил явуулахын зэрэгцээ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологид хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдол бүхий лабораторийн үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд, химийн хорт болон аюултай бодис, мансууруулах бодис, эм, пестицидийн үлдэгдлийн хяналт сул байгаа. Иймд боломжийг эрэлхийлэн сул талаа арилгах, эрсдэлээс хамгаалах, лабораторийн шинжилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудын тогтолцоотой адил түвшинд хүрэх зорилготой.
Лавлагаа лабораторийн орчин, нөхцөлийг сайжруулсан нь баталгаат эрүүл хүнсний ханган нийлүүлэлт, эм болон химийн бодисын хордлого, орчны эрүүл мэндийн байдал, тандалт судалгаа, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах анхан шатны суурь хэрэгцээг хангах, стандартыг баримтлахад чухал ач холбогдолтой. Олон улсын түвшинд судалгаа хөгжүүлэлтийн ажил явуулахад шаардах материаллаг орчин, чанар, үйлчилгээний стандартыг хангаснаар шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлтийг оновчтой гүйцэтгэх нөхцөл бүрдэх юм. НЭМҮТ-ийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар эмчилгээний зориулалтаар хэрэглэхээс гадна эм, тан, бусад химийн нэгдэл нь хүний бие, биологийн шингэнд хэдий хэмжээтэй, хэр хугацаанд агуулагдаж байна гэдгийг тогтоох боломжтой юм.
Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Д.Нарантуяа, ШУА-ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, академич Т.Ган-Эрдэнэ, Химийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан нар болон албаны бусад хүмүүс оролцов.