Бичил уурхайчдын үйл ажиллагааг зогсоовол ажилгүйдэл нэмэгдэж, нөхөн сэргээлт орхигдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-04-18 19:54:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг газар нутаг багатай ч ашигт малтмалын нөөц ихтэй, түүнийг дагасан уул, уурхайн олон компани үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 87 ААНБ байдаг ажээ. Хэдий олон ч ажлын байр нэмэгдүүлэлт, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татвар нь бага байдаг. Харин нэгдсэн зохион байгуулалтад орж нийгмийн баталгаагаа хангуулж, ажиллах нөхцөл боломж, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч бичил уурхайчид төв банканд баялгаа тушааж, төрөлх нутагтаа ажлын байрыг нэмэгдүүлж байгааг онцолж байна.

Учир нь аймгийн Засаг дарга Б.Азжаргал хариуцлагагүй ажиллаж буй уул, уурхай эрхлэгчид болон бичил уурхайчдыг цаашид дэмжихгүй тухай албан бичгийг сумдын засаг дарга нарт хүргүүлсэн аж. Тодруулбал, байгаль орчинд бичил уурхай болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах зорилгоор ААНБ-ууд газрыг зүй зохистой ашиглахгүй, нөхөн сэргээлт хийхгүй орхигдуулснаас орон нутгийн байгаль орчинд хохирол учруулж байгаа тул цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан ААНБ-тай энэ оныг дуустгал гэрээ, хэлэлцээр хийхгүй байхыг мэдэгджээ.

Уг албан бичиг нь хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй бичил уурхайн нөхөрлөлүүдэд хүндээр туссан төдийгүй, тэдний хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн, нөхөн сэргээлтийг хийгээгүй мэт харагдуулж байгаад бухимдалтай байгаагаа өнгөрсөн баасан гарагт болсон “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт-2022” зөвлөгөөнд байр сууриа илэрхийлж байлаа. Бичил уурхайчид Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутагт ажлын байр бий болгох зорилго, улсын эрдэнэсийн санг арвижуулах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд эзэн холбогдогчгүй эвдэгдсэн талбайд Засгийн газрын 151-р тогтоолоор батлагдсан журмын хүрээнд Орон нутгийн иргэд эвлэлдэн нэгдэж бичил уурхайн нөхөрлөлийг байгуулж эхэлсэн ажээ.

Өнгөрсөн хугацаанд 19 нөхөрлөл АМГТГ-ын дүгнэлтээр баталгаажсан 148.1 га талбайг тусгай хэрэгцээнд авч 1500 гаруй иргэнийг ажлын байраар хангажээ. Ингэхдээ тэд ажилчдынхаа эрүүл мэнд, нийгмийн даатгалд 126.554.400 сая төгрөг, усны төлбөрт 94.381.044 төгрөгийг төлжээ.

Зөвхөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд 35.7 га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Үүнээс 4.48 га талбайд дүйцүүлэх, нэг га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгчээ. Бичил уурхайчид газрын баялгаас олсон ашгаа тэгш хүртээмжтэйгээр төр, хувийн хэвшлийн салбар бүрт дэмжлэг үзүүлсээр ирсэн аж.  Тиймээс аймгийн Засаг дарга албан бичгээ эргэн харж бичил уурхайчидтай биечилж уулзах, хийсэн ажлыг газар дээр нь үзэж сонирхохыг хүслээ. Дээрх зөвлөгөөнд оролцогчдын санал, хүсэлтийг БОАЖГ-т нэгтгэж Засаг даргад танилцуулах аж.

Хэрэв бичил уурхайчдын үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд аймгийн хэмжээнд ажилгүйдэл нэмэгдэж, одоо ашиглаж буй талбайн нөхөн сэргээлт орхигдоно гэдгийг ч тэд онцолж байлаа.

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн нөхөрлөлүүд нь жил бүр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалтгалтуудад бүгдэд нь хангалттай сайн үнэлгээг авч байсан гэж зөвлөгөөний үеэр ч дурдсан. Хамгийн сүүлийн жишээ нь 2021 оны 10 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу ирсэн шалтгалтад хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэж дүгнэжээ.

Ташрамд, бичил уурхайн нөхөрлөлүүд нь эрүүл, тэгш талбайд ажилладаггүй аж. Өмнө нь ухаж, баялгийг нь авч орхигдсон талбайд орон нутаг болон АМГТГ-ын дүгнэлтээр баталгаажсан талбайд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

 

 

 

 

 

 

相关新闻