Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг зарим ӨЭМТ-д хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн 17 төвийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэрбээр энэ үеэр “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн байгууллагын ачааны хүндийг анхан шатны байгууллагууд үүрч байсан. Өнөөдрийг хүртэл цар тахлын хүнд үе бүрэн дуусаагүй байна. Тэр дундаа хөрш зэргэлдээ БНХАУ төдийгүй өндөр хөгжилтэй орнууд одоог хүртэл цар тахлын хувилбаруудтай нүүр тулж байгаа. Тиймээс та бүхэн анхаарал болгоомжоо алдалгүй ажиллах нь чухал юм” хэмээв.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тус улсын “BBB” компаниас түргэвчилсэн чипт аппаратыг Нийслэлийн Засаг даргын орлогчид гардуулсан. Тэгвэл тус компанийн удирдлагуудын хамт “Ковид-19” түргэвчилсэн чипт аппаратыг уулзалтад оролцсон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт ийнхүү хүлээлгэн өглөө.
Уг төхөөрөмж нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг арга хэмжээнд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, “Ковид-19”-ийн түргэвчилсэн шинжилгээ, PSA буюу түрүү булчирхайн хавдрын маркер, CEA буюу ходоод бүдүүн гэдэсний маркер, AFP буюу элэгний хавдрын маркер, CA125 буюу өндгөвчний хавдрын маркер зэрэг нийт найман төрлийн шинжилгээг хийх боломжтой аж.