Өнгөрсөн 100 жил эх барихын тусламж, үйлчилгээнд түүхэн ололт амжилт бүрдүүлснийг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан Монголын Эх баригчдын нийгэмлэгээс “Эх баригчид юуг хүсэж байна вэ?” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Эл өдрийг
Монгол Улсад “Эх баригчийн 100 жилийн замнал” уриан
дор тэмдэглэж байна. Монголд 1079 эх
баригч ажилладгаас 1039 нь амаржих газруудад ажиллаж байгаа аж.
Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ Эх
нярайг эсэн мэнд амаржуулах ариун үйлсийн төлөө мэдлэг, ур чадвар, хичээл
зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригч нартаа эх
баригчдын өдрийн мэндийг дэвшүүлж, өнгөрсөн 100 жил эх барихын тусламж,
үйлчилгээнд түүхэн ололт амжилтуудыг бүрдүүлсэн он жилүүд болсныг онцоллоо.
Тэрбээр коронавирусын халдвар эх, нярайн
өвчлөл эндэгдлийн шинэ шалтгаан болсон хүнд үед ч эх, хүүхдийг эсэн мэнд
амаржуулахад тэдний эрүүл мэндийг хамгаалах хүлээсэн үүргээ нэр төртэй
биелүүлсэн эх баригч нартаа талархал илэрхийлэв.
НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал
ноён Бьёрн Андерсон ирүүлсэн мэндчилгээндээ эхийн эрүүл мэнд, бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 87 хувийг олон улсын
стандартын дагуу сургагдсан эх баригч үзүүлэх боломжтой гэв. Иймээс эх
баригчийг олон улсын стандартын дагуу сургаж, ажлын байрны бүрэн тодорхойлолтын
дагуу ажиллуулах нь чухал болохыг онцоллоо.
Зөвлөгөөний үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн эх баригч нарыг дэмжих дэлхийн стратегийг танилцуулав. Эх баригч нарт хөрөнгө оруулснаар эхийн эндэгдлийг улам бууруулж Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжтойг онцоллоо.