Бага насны хүүхдийн эндэгдлийн түвшин буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Эрүүл
мэнд” хөтөлбөр хэрэгжүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
сайжруулж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 3.0
промилээр бууруулах зорилтыг хангахаар ажиллаж байна. 2020 онд тав хүртэлх
насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 15,8 хувь байжээ. Өнгөрсөн онд энэ
үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 1.5 промилээр буурсан ч 0-1 насны хүүхдийн эндэгдэл
Бүрэгхангай, Дашинчилэн, Могод, Рашаант, Тэшиг сумд, аймгийн Нэгдсэн эмнэлэгт
бүртгэгдсэн байна.
Аймгийн
нийт хүн амын 23,5 хувийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, эзэлдэг бөгөөд тэдний 38 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй, ялангуяа бөөр
шээсний замын өвчтэй эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлж байгаа нь жирэмсний болон
төрөлтийн хүндрэлд хүргэх, цаашлаад нярайн эндэгдэлд хүргэх гол шалтгаан болж
байна гэж аймгийн Эрүүл мэндийн газар дүгнэж байна.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс онлайнаар зөвлөгөө авч, сумын Эрүүл мэндийн төвийн эмч нарт цахим хэлбэрээр болон үүрэн телефоноор 180 гаруй удаагийн зөвлөгөө өгч, алсын дуудлагаар 8 удаагийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр Нэгдсэн эмнэлгийн эхчүүдийн амрах байрыг тохижуулан эхэд ээлтэй орчин бүрдүүлснээр жирэмсний хяналтын чанар сайжирч, амарвал зохих эхчүүд хугацаандаа ирж амран, эсэн мэнд амаржиж, эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар дээшилсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн салбар өнгөрсөн онд 67.9 сая төгрөгийн эх, хүүхдийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаж, эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний стандарт 89 хувьд хүрчээ.