Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэдрэлийн тасагт 2021 онд 650 иргэн хэвтэн эмчлүүлсний 87 нь тархины цус харвалтын улмаас эмчлүүлж, хоёр нь нас барсан мэдээлэл бий.
Сүүлийн
жилүүдэд тархины цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх улмаар нас барах тохиолдол
нэмэгдэх болжээ. Насны хувьд ч залуужиж байгаа гэж эмч, мэргэжилтнүүд хэлж
байна.
Ховд
аймгийн нэгдсэн эмнэлэг (БОЭТ)-ийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ
сарын 13-15-ны өдөр “Тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт
эмчилгээний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт сургалтад
хамрагдлаа.
Сургалтыг
Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Ховд
аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) хамтран зохион байгуулсан.
Ингэхдээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн албанаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг
Ховд аймагт ирж, орон нутагт зонхилон
тохиолддог зарим өвчлөлийн үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний талаар
мэдээлэл хийж, туршлага солилцлоо.
Сургалтад
аймгийн нэгдсэн эмнэлэг (БОЭТ) болон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 160
сувилагч, тусгай мэргэжилтэн оролцов.
Уг
сургалтын үр дүнд тархины цус харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт
эмчилгээний үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ илүү чанартай болж, сувилагч,
тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар дээшлэх давуу талтай.