Булган аймагт энэ жил 46,5 мянган мод, бут тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-17 14:11:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод, бут тарих өдрийг тэмдэглэн нийт 46482 ширхэг мод бут тариад байна. Урьдчилсан байдлаар мод тарих ажилд 418 өрх 8111, аймгийн хэмжээний 183 байгууллага, аж ахуйн нэгжийн 2962 хүн 38371 мод бут тарьж оролцжээ.

- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлын хаврын нарийвчилсан төлөвлөгөөг гарган сумдад хүргүүлэн сумдаас тарих модны суулгацын судалгаа, нийлүүлэлтийн ажлыг хийж байна. Мод тарих үеэр тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Хялганат тосгон, Булган сум дахь Сум дундын ойн анги, мөн таван сумын 13 аж ахуйн нэгж байгууллага, 7 иргэн 16 нэр төрлийн 7321 мод суулгацтай оролцсон. Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Хутаг-Өндөр сумын төрийн байгууллага болон хувийн хэвшлийн 300-гаад төлөөлөлд Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн ой, үржүүлгийн чиглэлийн багштай хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдийн оролцоо мод тарих заавар, зөвлөгөө, арчлан ургуулах ажлыг хийх талаар мэдээлэл өглөө.

Мөн Булган сумын төр, хувийн хэвшлийн 30-аад байгууллагын 1-2 хүнийг мод тарьж, арчлан ургуулах талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болгох зорилгоор Хөдөө аж ахуйн МСҮТ-тэй хамтран нэг өдрийн сургалтыг дадлагын талбайд хийж мод тарих ажлыг зохион байгуулах мэдлэгтэй болголоо гэж аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн С.Алтанзул ярилаа. 

相关新闻