А.Амантай:Казахстан руу шилжигсэд дуртай газраа суурьшиж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-08 15:51:22

Астана хотод үйл ажиллагаа явуулдаг «Түүхэн эх орондоо эргээд ирэгсдэд эрх зүйн тусламж үзүүлэх» хувийн хэвшлийн байгууллагын тэргүүн А.Амантай Өлгий суманд ирж нүүдлийн асуудлаар мэдээлэл хийв.

Тэрээр ярихдаа,"-Монголоос Казахстанд шилжин нүүх хөдөлгөөн 1991 оноос эхэлсэн. Монгол нутгаас 100 мянга орчим хүн очсон. Нүүдэл суудлын тухай хууль тогтоомж өөрчлөгдсөний улмаас 2011 оноос нүүдэл зогсонги байдалд хүрсэн. Өнгөрсөн жил шинэ хууль батлагдан гарлаа. Энэ хуульд зааснаар  Казахстан руу шилжигсэд дуртай газраа суурьшиж болно. Гэхдээ нүүх унаа, ажлын байр, орон сууц, анхны тусламжийн мөнгийг нэр бүхий долоон мужид олгоно. Анхны мөнгөн тусламж  нь өрхийн тэргүүнд 100 мянга, гэр бүлийн гишүүн бүрт 70 мянган тенге юм. Мөн мэргэжлээр нь ажил олгоно. Мэргэжилгүй хүмүүсийг дамжаанд суралцуулна. Олгосон орон сууцандаа таван жил  үнэгүй суух эрхтэй. Казахстаны харъяат болох асуудлын хугацаа өмнө нь дөрвөн жил хүртэл байсан бол шинэ хуулиар 3-12 сарын дотор гэж тодорхой заасан. Харин шилжигсэд Монгол Улсын харъяатаас гарах асуудлаа урьдчилан шийдэж, цагдаагийн байгууллагын болон гэр бүлийн гишүүдийн  тодорхойлолтоо бэлтгэн нүүдлийн тасалбар гардсан байх ёстой. Оюутнуудыг бүртгэж авах, суурьшуулах асуудал хөнгөн шуурхай шийдэгднэ" гэв. 

Ш.Айзаря

 

相关新闻