Боксчин Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө өрсөлдөх болзол хангалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын аварга Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбабизыг 3:0-ээр илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангалаа.
Монголын боксчдын олимпийн медалийн буухиаг нэр төртэй үргэлжлүүлж чадсан Д.Отгондалай Риогийн дэвжээнд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёр дахь тойрогтоо Нидерландын боксчин Энрико Лакрусыг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдээд байсан юм.
Ийнхүү Д.Отгондалай Рио-д хүчээ сорьж байгаа гурван боксчин болон монголынхоо бусад тамирчдад итгэл, урам зориг өгч, хүрэл медалийн болзол хангаснаар Риогийн олимпийн мөнгөн медалийн төлөө Францын боксчинтой өрсөлдөхөөр болов.
Д.Отгондалай нь 1988 оны нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлсэн. Олимпийн дэвжээнд анх удаагаа хүчээ сорьж байгаа.
Дашрамд дуулгахад, "Рио-2016" олимпод эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын шинэ залуу багш нар болон зөвлөх багш гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн удирдлага дор манай 6 боксчин хүчээ сорьж байгаагаас 4 боксчин тулаанаа үргэлжлүүлж байна.
Д.Өлзий