Ханх сум орчимд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 19 километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт шөнийн 23.18 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Ханх сум орчимд хамгийн
сүүлд 6 дугаар сарын 7-нд
Ханх сум орчимд 3.8
магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Үүнээс өмнө 2021 оны 1 дүгээр сарын 12-нд
6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл
аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин
суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард
иргэдэд мэдрэгдсэн билээ.
Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд
оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар
хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт
манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар
хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй
газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар
хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот
орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон
түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа
бүртгэгджээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар
хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн
болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн
баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл
барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга
байгууламж нурах аюултай.