Явуулын автобусаар эрт илрүүлэх, үзлэг хийх боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн иргэдэд эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хүртээмжтэй болгох үүднээс эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автобусыг ашиглаж эхэллээ.
Энэхүү автобусаар анхны эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хийхээр ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхай, толгой хүзүү, эмэгтэйчүүдийн мэс засал, ЭХО,
рентген, зүрх судасны эмч нар болон БЗД-ийн мэдрэл, чих, хамар хоолойн эмч нар
ажиллав.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 1-нээс нийт хүн амыг “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 296 505 иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаж, нийт 150 968 өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ.
Эрт
илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог тоноглосон галт тэрэг, автобус, машинаар
алсалсан дүүрэг, орон нутагт
хийж буй юм.
Эрт илрүүлгийн явуулын үзлэгийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны үр дүнд өвчнөө эрт мэдэж арга хэмжээ авч буй иргэд олон байгаа. Иймд энэ ажлыг эрчимжүүлэх, үзлэгтээ хамрагдах хүсэлтэй ч байршлын хувьд алсалсан бүсийн иргэдэд хүрч үйлчлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, 2021 оны 5 дугаар сараас Батлан хамгаалах яамтай хамтран иж бүрэн тоноглосон автомашинуудыг орон нутагт илгээж эхэлсэн. ЭМЯ-наас алсалсан дүүрэг ба орон нутгийн иргэдийн дунд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог иргэдэд ойртуулах үүднээс УБТЗ-тай хамтран эмнэлгийн үзлэг, оношилгооны иж бүрэн тоноглосон явуулын галт тэргийг орон нутагт илгээсэн билээ. Тус галт тэрэг төмөр зам дагуух төв суурин газарт хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулах юм. Энэхүү ажлын үргэлжлэл болгож автобусыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд нэвтрүүлж байна.
Эрт
илрүүлэх үзлэг, оношилгоондоо хамрагдах хүсэлтэй ч ажлын цаг боломж нь хомс.
Эмнэлэгт олон шалтгааны улмаас очиж чаддаггүй. Эсвэл гэр нь алсалсан учир унаа тэргээр зорчиж эмнэлэгт очих боломжгүй зэрэг
хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд явуулын авто машин, автобус бүхий үзлэгийн
баг очиж үзлэг, оношилгоог хийх юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газраас
хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгооны ажлын үр дүнг нэмэгдүүлэх болно.
Яамнаас аль болох иргэн
бүртээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн төлөө
боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
Өнгөрсөн долоодугаар сард БНХАУ-ын Энхтайвны сангийн дэмжлэг, хятадын ард түмний хөрөнгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн, хавдрын хөдөлгөөнт эрт илрүүлэг хийх зориулалтаар тоноглосон, нэг тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий автобусыг Эрүүл мэндийн сайд ХСҮТ-д хүлээлгэн өгсөн. Энэхүү автобусанд эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, цээжний рентген, ЭХО, зүрхний цахилгаан бичлэгийн аппаратууд, үзлэгийн ор зэргийг суурилуулсан юм.