Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах тав дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-25 16:05:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгажээ.


Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн мэс заслаа амжилттай хийсэн байна. Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жон Ман тэргүүтэй багийн гишүүд Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр болон холбогдох зөвлөхүүд, газрын дарга нарт мэс заслын үр дүнгээ танилцуулжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгийн дүнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм. Энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэгт томоохон дэмжлэг болсныг эмч нар ярилаа. Мөн төвийг богино хугацаанд ашиглалтад оруулах, өвчтөн, донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын үр дүнг сайжруулах, эрхтэн шилжүүлэх мэс заслын хүлээгдлийг багасгах, гадаад руу зорих иргэдийн урсгалыг бууруулах, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тууштай дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч болон Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлэв.


Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос бэлтгэлээ хангаж, өнгөрсөн гуравдугаар сард анхны мэс заслаа хийсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгуулсан таван хүн, доноруудын биеийн байдал сайн, эмнэлгээс гарч хяналтад байгаа ажээ. Төв байгуулахын төлөө хамтран хичээн зүтгэсэн болон элэг шилжүүлэн суулгах тав дахь мэс заслаа амжилттай хийж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг аварсан эмч нарын баг, хамт олонд Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ. Энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжих, иргэд хоорондын нөхөрлөл бэхжихэд оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг тэмдэглэлээ.


Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аливаа дэвшилтэт санал, санаачилга, тэр дундаа эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгийг хэллээ. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах, робот мэс засал нэвтрүүлэх, 2028 он гэхэд 50 мэс засал хийж, улмаар амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.





相关新闻