“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” хуралд 200 гаруй төлөөлөгч цахимаар оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал Кемпински зочид буудалд эхэллээ.
Хурлын нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэлэв. Тэрбээр “Коронавируст халдварын хүнд үеийг амжилттай даван туулж, цагийн зөрүүг үл харгалзан дэлхийн улс орны эрдэмтэн судлаачид өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний цахим хуралд оролцож байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүн төрөлхтний түүхэнд их удаан хугацаанд зэрэгцэн оршиж буй халдварт өвчний нэг нь сүрьеэ өвчин юм. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19"-ийн нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт хүнд дарамт үзүүлэхийн хэрээр сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд ч бэрхшээл гарч байна. Монгол Улс ДЭМБ-аас баталсан “Сүрьеэг-устгах стратеги”-2030-ийн зорилтыг хангах, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, оношлуур, эм, эмчилгээний шинэ горимыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдрийн хуралд оролцож, өөрийн орны нөхцөл байдал, туршлагаас хуваалцаж байгаа БНСУ, Япон, ОХУ, Тайвань, Бүгд Найрамдах Молдав, Гүрж, Индонез зэрэг улс орны эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж байна” хэмээв.
Манай Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог. Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг цаг алдалгүй практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд дэлхий дахинд" КОВИД-19"-ийн улмаас сүрьеэгийн илрүүлэлт буураад буйг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.
Салбар хуралдааны нэгдүгээр хэсэгт Монгол, БНСУ, Тайвань, Индонез улс орны сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын чиглэлээр 8, хоёрдугаар хэсэгт сүрьеэгийн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах 9, гуравдугаар хэсэгт сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үр дүнгийн чиглэлээр 9, дөрөв болон тавдугаар хэсэгт 5 илтгэл тус тус танилцуулах юм. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралд Монгол, Япон, БНСУ, Бүгд Найрамдах Молдав, Тайвань, Гүрж, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн, шийдвэр гаргагч зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид нэгэн зэрэг цахимаар холбогдон оролцож байна.