ЭМЯ, УБТЗ-ын Төв эмнэлэг галт тэргээр эрт илрүүлгийн үзлэг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-07 14:20:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг харьяа эмнэлгүүд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв аяллын үзлэгийг зохион байгуулж, Сүхбаатар, Салхит, Дархан, Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Зүүнхараа, Мандал өртөөнд 9 дүгээр сарын 5-29-нд ажиллажээ. 
Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ үеэр давхардсан тоогоор нийт 23 941 иргэнд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентгенд үзлэг хийн, зөвлөгөөг өгчээ.

Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд нийт 676 хүн хамрагдсанаас 18-30 насны 355, 31-45 насны 99, 46-60 насны 219, 61-ээс дээш насны 3, 31-ээс дээш насны 321 хүн тус тус хамрагдав. Хүйсээр нь ангилбал 424 нь эрэгтэй, 252 нь эмэгтэй иргэн байна.
Илэрсэн өвчлөл 491 бүртгэгдсэнээс хавдрын сэжигтэй тохиолдлыг авч үзвэл 33, 36, 39, 42, 45, 48, 51 насны нийт 30 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулахад хоёр хүн хавдрын сэжигтэй гарчээ. 31 наснаас дээш нийт 320 хүн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсанаас ходоодны хавдартай хоёр тохиолдол батлагдсан байна. Хөхний хавдрын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн. Өвчлөлийн дийлэнх буюу 40 хувийг хоол боловсруулах замын эмгэг эзэлж байна. Үүнд, ходоодны үрэвсэлт өвчин 29 хувь, элэг, цөс, нойр булчирхайн эмгэг 14.4 хувь, ходоодны шарх 3.2 хувь, зүрх судасны эмгэгүүд, даралт ихсэх өвчин 22.5 хувь, хөхний үүсгэвэр 3.8 хувийг тус тус эзэлж байна. Бөөр шээсний замын эмгэгүүд 3,5 хувь, бамбайн зангилаа 7 хувьтай байна.

Энэ үеэр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 44 хүнийг стационарт хэвтүүлэхээр илгээж, зарим иргэдийг дараалалд оруулж, найман иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэж  13А маягтаар дараагийн шатлалын эмнэлэгт илгээжээ.
Лабораторийн шинжилгээнд 1149 хүн, давхардсан тоогоор 6972 хамрагдсанаас биохимийн шинжилгээ 996, иммунологийн шинжилгээ 93, цусны ерөнхий шинжилгээ 1063, шээсний ерөнхий шинжилгээ 919, глюкозжсон гемоглобин тодорхойлох 94, цусны бүлэгнэлтийн шинжилгээ 20, бамбай булчирхайн даавар 29, элэгний В,С вирус 856, хеликобактери 232, AFP - 8, TPHA/HIV – 845, өтгөнд далд цус илрүүлэх 225, 25 OHVit D-55 хүнд тус тус хийсэн аж. Мөн биопсийн шинжилгээ 5, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн 30 шинжилгээ авсан байна.

Тус баг энэ сарын 9-нөөс 11 сарын 5-нд Замын үүд, Сайншанд, Улаануул, Чойр, Олон Овоо, Айраг, Бор-Өндөр, Багахангай, Багануур, Булагтай зэрэг өртөөнд ажиллах аж.


相关新闻