Ц.Сосорбарам: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьснаар ургамал, орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаад байна.
Тус
төслийн нэгжийнхэн өнгөрсөн 7 хоногт УЦС-ын
байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн
талаар сэтгүүлч нарт танилцуулсан юм. Энэ үеэр байгаль орчны үнэлгээ,
судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаар
судалгааны багийн ахлагч, усны барилга байгууламжийн Монгол
Улсын зөвлөх
инженер, техникийн ухааны доктор,
профессор Ц.Сосорбарамаас тодрууллаа.
-Судалгаа, шинжилгээний үр
дүнг товч танилцуулна уу?
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлыг тогтоох, төрийн баримт бичиг гаргах манай ажлын хэсэг гурван жил ажилласан. Эхний ээлжинд бид байгаль орчны төлөвийн нэгдмэл компенент байдлыг буюу ус, агаар, хөрс, амьтан, ургамлыг судалсан. Үүний дараагаар бид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг БОАЖЯ-ны шийдвэрийн дагуу хийсэн. Бидний зорилго тухайн томоохон төсөл хэрэгжихийн өмнө төрөөс гарсан ТЭЗҮ хийх зэрэг баримт бичгийг хэрэгжүүлэх, тухайн төсөл хэрэгжих бүс, орон нутгийн байгаль орчин, нийгэмд гарах эерэг, сөрөг нөлөөллийг тогтоох явдал юм. Эдгээрийг тогтоосны дараа газар хөндөх эрх нь бий болдог юм. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд томоохон төсөл эхлэхийн өмнө байгаль орчны үнэлгээнд нутгийн иргэдийн саналыг авч хэлэлцүүлдэг болсон. Үүнийгээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд суулгадаг хуулийн заалттай. Энэ нь анх удаа Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд хийж буй үйл ажиллагаа учир жаахан цаг хугацаа алдсан. Бид Ховд голын урсгал, урсац, тухайн бүсийн ургамлын бүрхэвч, мод, модлог болон бутлаг ургамал, хөрсийг судалсан. Нийт 61 нэр төрлийн ургамал бий. Үүний хоёр нь ховор ургамал байгаа.
Судалгаагаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьснаар тухайн бүсийн ургамал, орчинд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан.
9000 га гаруй газар төслийн нөлөөллөөр усан дор орно, нэг ёсондоо усанд автагдаж ус бүхий газар гэдэг ангилалд
шилжиж байгаа. Энд усан сан болон хиймэл нуур үүсэх юм. Та бүхэн Тайширын
УЦС-ын мэднэ. Тэнд Монголын хамгийн цэнгэг “Гэгээн” нуурыг үүсгэсэн. Манай ажлын
хэсэгт Монгол Улсын тэргүүлэх зэргийн, төрөл бүрийн салбарын, ШУА-ийн 20 гаруй эрдэмтэн,
доктор, профессор, судлаач, шинжээчид ажилласан.
-УЦС барихад загасны нүүдлийг зохицуулах чухал асуудал байдаг. Үүнийг Эрдэнэбүрэнгийн төсөлд яаж
шийдэж байна вэ?
-Эрдэнэбүрэнгийн УЦС барих бүс нутагт 6 төрлийн загас байгаа. Үүнээс бид хадран загасанд их анхаарч байгаа. Энэ загас ялангуяа боомт барих Шижигтийн хавцалд их тархсан. Биологичид хадран загас Шижигтийн хавцлаас дээш, усны нарийссан хэсэгт түрсээ хаяж популяцид орох боложмгүй гэж үзэж байгаа. Тиймээс энд гедро барилгын инженерчлэлээр дээр доороо урсах суваг бүхий хадран загасанд зориулсан тусгай гарц бүхий байгууламжийг УЦС-ын усан сан дотор барьж байгуулна. Ингэхдээ усныхаа түвшинг хянаж, эрчим хүчнийхээ хэрэгцээ, цахилгааны тохиргоо болон доод хашсан түвшинтэйгээ харьцуулаад өвөл хөлдөх, хавар халиа үүсэх зэргийг тооцоолж байгаа. Усны түвшин дээшээ хэр хөөрөгдөх, үерийн үед ямар байх зэрэг загас хэвийн өнгөрөх түвшинг барих бүх нөхцөл байдлыг харж байгаа. Энэ бүхнийг тооцсон байгууламж юм. Ингэснээр Ховд голд амьдардаг хадран загасны үржил селекц хэвийн үргэлжилж популяцид нөлөөлөхгүй гэдгийг бид тогтоогоод байна. Тодруулбал, 4 метр өндөр, 8 метр өргөн төмөр бетон байгууламж бүхий усан сан байгуулах юм. Үүгээр загас чөлөөтэй нэвтрэн өнгөрч, амьтныхаа популяцид орно. Ийм боломжийг бүрдүүлж байгаа гэв.
Тодруулга: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт нь
Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн хилийн заагт 280 км газрыг хамарч байгаа бөгөөд
9.4 км талбайд усан сан болон хиймэл нуур зэргийг байгуулах юм.