ТӨСӨВ 2023: Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг 27 хувиар нэмж тооцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг ирэх онд 295.6 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн нь өмнөх оныхоос 27 хувь буюу 62.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Ирэх онд уул
уурхайн экспортын хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаагаас шалтгаалж, ашигт
малтмалын болон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь
ОНХНС-гийн орлогын шилжүүлгийн хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.
Уул уурхайн салбарт
үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд орон
нутгийн захиргааны мөн бусад холбогдох байгууллагад өгдөг хандив тусламжийг
ирэх оноос орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгоно. Энэ нь орон нутагт
уул уурхайн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж, уул уурхайн төсөл
хөтөлбөрөөс нутгийн иргэдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэх, уул уурхайн
нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэд уул уурхайн үйл ажиллагааг дэмжихэд түлхэц
болох юм.