Түрэгийн түүхийн судалгаа, шинэчлэлийг хамтран хийж буйд талархав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Соёл, аялал жуулчлалын сайдын манай улсад хийж буй айлчлалын хүрээнд МУИС-д “Монгол Улс дахь Түрэгийн соёлын өв болон Мэргэн Тоньюукук” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо.
Турк судлалын хүрээлэн, Туркийн Измирийн Их сургууль, тус улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА, МУИС-иас хамтран зохион байгуулсан уг хуралд БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё зочноор оролцсон юм.
Тэрбээр хурлыг нээж хэлэхдээ, “Аливаа орны болон бүс нутаг, дэлхийн түүх нь шинжлэх ухааны нэг төрөл юм. Түүх нь шинжлэх ухааны судалгааны нэг чиглэл гэдэг утгаар судалгааны явцад өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Үүний нэг нь Түрэгийн үеийн соёл, өв бөгөөд энэ нь түүхэн дурсгалын нэг онцгой хэсэг юм” гэдгийг тодотгож, үүнийг Турк, Монголын эрдэмтэн, судлаач нар хамтран судалж шинэчлэн гаргаж ирж байгааг онцоллоо.
Монгол, Туркийн эрдэмтдийн
хамтарсан хурлыг Туркийн талаас доктор, профессор Бирол Четин даргалж, доктор,
профессор Ахмет Ташагил, Шабан Доган, Али Ихсан Чаглар нар, Монголын талаас
доктор А.Энхтөр, Л.Эрдэнэболд, Г.Энхбат нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Илтгэлүүдийн талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор А.Энхтөрөөс тодруулбал, "Мэргэн Тоньюукук нь Зүүн Түрэгийн хаант улсыг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин, улс төрийн том зүтгэлтэн, мэргэн сайд байсан түүхэн хүн. Монгол Улс дахь түүний хөшөө дурсгалыг анх 19 дүгээр зууны сүүл үеэс Европын эрдэмтэд нээн уншиж тайлан, олон нийтэд түгээсэн юм.
Уг дурсгалын хамгийн чухал нь Түрэгийн үеийн хаадын улс орноо байгуулж байсан төрийн түүхийг олон талаас нь бичиж үлдээсэн, нүүдлийн соёл иргэншлийн түүхийн онцгой өгөгдөл болдог. Энэ утгаараа ч тэр Түрэгийн үе нь Төв Азийн болон манай улсын түүхийн нэг хэсэг болдог” хэмээн онцоллоо.