Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2022-11-09 14:35:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Энэ тухай тухай Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэхдээ, "Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Өнөөдрийн байдлаар 3.4 сая хүн амын нутагшил, суурьшилтын төлөвлөлтөд тооцож үзэхэд олон хот, тосгоныг барих боломжгүй. Учир нь ажлын байраа дагалдах ёстой. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах Хөшигийн хөндий, Өмнийн говьд уул уурхайг дагаж бий болж буй сумдыг цаашид хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.

Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан түүх соёлын дурсгалт газрууд бий. Орхоны хөндийд цаашдаа шинэ Хархорин хот байгуулах ёстой гэсэн тогтолын төслийг боловсруулж засгийн газар дэмжээд УИХ-д өргөн барина. УИХ-аар баталлаа гэхэд тэр дороо хот баригдчих асуудал биш. Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм” гэв.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050”  баримт бичигт “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж туссан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум байгуулахаар төлөвлөжээ.
相关新闻