БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн иргэдийн 22,5 хувь нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-12 18:21:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан.


Үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг 2019 онд 1, 2020 онд 1, 2021 онд 2, 2022 онд 2 удаа тус тус зохион байгуулжээ.


Албаны хүний өгсөн мэдээллээр дээрх шалгалтуудад 2750 иргэн бүртгүүлснээс 2384 нь орсон байна. Харин шалгуулагчдын 537 нь буюу дөнгөж 22,5 хувь нь тэнцсэн аж.


Түүнчлэн төрийн албаны тусгай шалгалтыг 2020 онд 7 удаа, 2021 онд 7 удаа, 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 8 удаа зохион байгуулсан. Үүнд тухай бүрд 50-100 орчим хүнийг өрсөлджээ.


2022 онд давхардсан тоогоор 788 иргэн тусгай шалгалтад орох хүсэлт ирүүлснээс 428 иргэн шаардлага хангаж шалгалт өгчээ. Шалгалтаас өндөр үнэлгээ авсан 83 иргэнийг Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн ажээ.

相关新闻