БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл сум төрийн үйлчилгээний цахим машинтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-13 10:40:02

БАЯН-ӨЛГИЙ: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэд улсын бүртгэлийн байгууллагаас олгодог байсан лавлагаануудыг цахим машинаас авах боломж бүрдлээ.


Тодруулж хэлэхэд, тус сумын удирдлагууд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас 21,5 сая төгрөг шийдвэрлэж, сумын ЗДТГ-т төрийн үйлчилгээний цахим машин байршууллаа. Уг төхөөрөмжийг "Нью компас" хязгаарлагдмал хариуцлагатай компани нийлүүлсэн бөгөөд сумын удирдлагууд өчигдөр ашиглалтад хүлээн авав.


Ингэснээр алслагдсан сумын иргэд өмнө нь улсын бүртгэлийн байгууллагын ажилтан олгодог байсан иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг иргэний улсын бүртгэлийн лавлагаанууд, тоон гарын үсэг шинээр авах зэрэг үйлчилгээнүүдийг цахим машинаар үнэгүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.


Мөн цаашид улсын бүртгэлээс бусад төрийн байгууллагуудын үйлчилгээг ч дээрх төрийн үйлчилгээний киоск машинаар дамжуулан үзүүлэх боломжтой гэдгийг Цэнгэл сумын засаг дарга Т.Айтуган онцлов. 

相关新闻