АН эв нэгдлийг хангах ажлын хэсгийг 39 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-26 13:45:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан бүлэг өнөөдрийн хуралдаанаа өргөтгөсөн байдлаар хийж, намын эв нэгдлийг хангах, түүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн гэж тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээллийнхээ үеэрээ тодотголоо.


Тэрбээр цааш хэлэхдээ "АН-ын бүлэг энэ сарын 22-нд ээлжит бус хурлаа хийсэн. Өнөөдөр мөн үргэлжлүүлэн хуралдаж, Ардчилсан намын Эв нэгдлийг хангах ажлын хэсгийг 39 хүний бүрэлдэхүүнтэйгээр, зөвлөх багийг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллана. Энэхүү ажлын хэсэгт С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар багтсан" гэв. 


УИХ-ын гишүүн, АН-ын Эв нэгдлийг хангах ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь "Бүлгийн гишүүд дээр нийт 60 гаруй хүнээр өргөтгөсөн анхдугаар хуралдаан болж өнгөрсөн. Он гарахын өмнө дараа дараагийн хурлаа хийнэ. Оны дараа Үндэсний бодлогын хороо, Их хурлаа зарлан хуралдуулж, 200 гаруй мянган гишүүдийн эрх ашигт нийцсэн дүрэм журмаа боловсруулж, Улсын дээд шүүхэд хандаж намаа цэгцлэхээс ажлаа эхлүүлнэ" гэлээ. 

相关新闻