Харвони эмийн үнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-08-31 13:04:15

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Гепатит С вирүсийн халдварыг эмчлэх эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөл ханган нийлүүлэх байгууллага Монос групп, Омбол ХХК, Монгол эм, импекс компанийн удирдлагуудтай уулзаж АНУ-ын Гелиад Сайнс компаний Харвони болон түүний Женерик эм болох Ледвир, Вирпас, Хепсинат зэрэг эмийн үнийн талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газраас хүн амыг вирүст хепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, тандах, оношлох ажилд онцгой анхааран гепатит С вирүсийн халдварыг эмчлэх Ледипасвир 90 мг + Софосбувир 400 мг /Харвони/, Софосбувир 400 мг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэн, зайлшгүй шаардлагатай эмийн долоо дахь жагсаалтад нэмэлтээр оруулсан билээ.

Дээрх эмүүдийг өвчтөнүүд эмчилгээнд хэрэглэсээр тодорхой хугацаа өнгөрөөд байгаа ч үр дүн сайн байгааг үйлчлүүлэгчид хэлж байна. Зургаан сар эмчилгээ хийгдэх нөхцөлд эмчилгээний зардал  нь зарим өвчтөнд өндөр байгаа. Тиймээс манай улсын хүн амын элэгний вирүсийн өвчлөлийг бууруулахын тулд эмийг тасралтгүй хүртээмжтэй хангах үүднээс эмийн үнийг бууруулах чиглэлд судалгаа хийж, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байгаагаа Эрүүл мэндийн сайд эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөлд хэллээ.

Одоогийн байдлаар Харвони эмийн хямд өртөг бүхий Женерик эмүүдийг улсын эмийн бүртгэлд бүртгэж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр олгох асуудлыг судлан ажиллаж байгаа аж.

Ж.Болор

相关新闻