“Буган орд” ХХК-ийн гэрээг цуцлахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-31 14:32:12
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 8-наас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг 25 шалгуур үзүүлэлтээр МХГ, Стандартчилал хэмжил зүй, АТТ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ХБХ, ЗЦТасаг  зэрэг  хэд, хэдэн байгууллага  шалгалаа.

Шалгалтаар, “Авто Мастер төв” 22 , “Арвин шар зам” хоршоо 22 , “ББ-Од” 21, “Буган Орд” 5, “Сүүтэй хадаг” 20, “Эрдэнэт Арслан” 17, “Хутгийн шанаа хоршоо” 13 оноо буюу 25 үзүүлэлтээс ийм оноо авчээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн боловсон хүчин дутмаг, жолоочдынхоо эрүүл, мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөггүй, техникийн иж бүрэн үзлэгт хамрагддаггүй  зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 9 төрлийн санал гаргаснаа Засаг даргад танилцууллаа. Үүнд зогсоол бүрт маршрутын мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар бичих, тогтсон болон баталсан үнэ тарифаар үйлчлэх, иргэдийн санал, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэх, “Буган-Орд” ХХК-ийн гэрээг цуцлах санал гаргалаа. Үүнээс Их-Залуу, Хабитатын чиглэлд үйл ажиллагаа явуулж буй “Буган-Орд” ХХК-ийн гэрээг цуцалж, тус чиглэлд сонгон шалгаруулалт явагдах хүртэл өөр аж ахуйн нэгжтэй түр гэрээ байгуулж ажиллах шийдвэр гарлаа. Учир нь “Буган Орд” ХХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл байхгүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг,  санхүүгийн чадамжгүй нь шалгалтаар тогтоогдсон байна.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻