Ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-09-01 15:57:43

Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар 8 дугаар сарын 20-ны байдлаар улаанбуудай Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Баянголд сүүн бололт, Увсын Баруунтуруун, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Зүүнбүрэн, Ерөө, Орхонтуул, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Залуучууд, Дорнодын Халхголд аарцан бололт, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Гурванбаянд бүрэн бололтын үе шаттай байна.

Ургалтын байдал Увс, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төвийн  тариалан бүхий газруудад сайн,  Дорнодын Халхгол сумд дунд зэрэг байна.

Төмсний ургалтын байдал ихэнх газруудад цэцэглэлтийн төгсгөлийн үе шатанд орсон бөгөөд Архангайн Түвшрүүлэх, Сэлэнгийн Мандалд ишний гулжийлтын үе шат явагдаж байна. Ургалтын байдлын хувьд Баян-Өлгийн Баяннуур, Дорнодын Баян-уул, Төвийн Угтаалд дунд бусад газруудад сайн үнэлгээтэй байна.  

Газар тариалан бүхий нутгуудад 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн зүүн хагаст дунджаас дулаан, баруун хагаст дунджийн орчим ба түүнээс сэрүүн, хур тунадас олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу орохоор байна.

Энэ сард үе үе хүчтэй салхи, мөндөр, түр зуурын бороотой. Мөн сарын дунд үеэс хойш нойтон цас орох төлөвтэй ба дээр дурдсан хугацаанд хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан, үр тарианы болцоос хамаарч ангилан хадалт болон шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхийг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

Ж.Болор

 

相关新闻