“Барилгачдын талбай”-н ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМонгол Улсад шинэ үеийн барилгын салбар, зураг төслийн байгууллага үүсч, хөгжсөний 90, Эрдэнэт хотод барилгын салбар байгуулагдсаны 40 жилийн ой тохиолоо. Үүний хүрээнд Монголын Барилгачдын холбооны Орхон аймаг дахь салбар “Барилгачдын баяр”-аа тэмдэглэлээ.
Баярын арга хэмжээ “Барилгачдын талбай”-ын ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд танилцуулахаас эхэлсэн юм. “Барилгачдын талбай”-н ерөнхий төлөвлөгөөг залуу архитекторч Ц.Намуунгэрэл, О.Чинбаяр, н.Наранхүү нар зохиожээ. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зарласан уралдаанд тус багийн бүтээл шалгарч зураг төсөл боловсруулах эрхийн бичгээр шагнууллаа. Уг талбай тун удахгүй Эрдэнэт хотыг бүтээн босгосон түүхэн баримтыг илтгэсэн хөшөө дурсгалаар баяжуулсан амралт, зугаалгын төв болох ажээ. Үүнийг орон нутгийн барилгын салбарынхан өөрсдөө тохижуулах аж.
Дашрамд дурдахад, Орхон аймагт барилгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 171, зураг төсөл боловсруулах 20, барилгын үйлдвэрлэл эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж бий. Уг салбарт 3000 гаруй боловсон хүчин ажиллаж байна.
Б.Оюун-Эрдэнэ