ТӨВ: Малчдыг дэмжих анхдугаар аян Төв аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-03 16:30:11

Зуунмод /МОНЦАМЭ/. Малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд “Төв түмний аварга малчин” уулзалт, зөвлөгөөнийг бүсчлэн зохион байгуулж эхэллээ.

Энэхүү зөвлөгөөнийг Төв аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд улс, аймгийн 70 гаруй аварга малчдыг оролцуулан Баянчандмань суманд зохион байгууллаа. 


Зөвлөгөөн нь уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах арга ухаан, залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.



Цаашид Баян суманд 4-р сарын 14-нд, Эрдэнэ суманд 4-р сарын 16-нд, Эрдэнэсант суманд 4-р сарын 19-нд, Лүн суманд 4-р сарын 21-нд, Алтанбулаг суманд 4-р сарын 24-нд тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 


Уулзалт зөвлөгөөний талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.

 

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого болон Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийнхан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжилт үр дүнг нь тооцон ажиллаж байна. Монгол малчин үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын шийдвэрээр малчдаа дэмжих анхдугаар аяныг улсын хэмжээнд зохион байгуулах чиглэл өгсөн байгаа. Энэ хүрээнд малчдаа дэмжих анхдугаар аяныг сумдад зохион байгуулан эхлүүлж байна. Төв аймаг 5.1 сая толгой малтай, 306 мянган га талбайд тариалалт эрхэлдэг, эрчимжсэн мал ахуй сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа, мөн Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээний 30-40 хувийг хангадаг. Иймд энэхүү зөвлөгөөнийг Залуу малчдыг бэлтгэх, малчдын арга туршлагыг солилцох, хоршоодыг дэмжих, малчдын хоршоо, мал эмнэлгийн уялдаа холбоог сайжруулах, түүхий эд материалыг борлуулах, боловсруулах тал дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжихээр зохион байгуулж байна” гэв.

 

相关新闻