ОРХОН: С.Энхсайхан: Монгол Улс 1987 оноос хүн амдаа регистр олгох том төслийг эхлүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-05 11:08:15
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. НҮБ-д Мэдээллийн систем хариуцан ажилладаг Сайнжаргалын Энхсайхантай Эрдэнэт хотод түр саатах үед нь уулзлаа. Түүний аав Т.Сайнжаргал нь Эрдэнэт хотын Эрүүлийг хамгаалах газрын даргаар 1977-1984 онд ажиллаж байсан юм. 


-Танайх Улаанбаатар хотоос гэр бүлээрээ нүүж ирж байсан үеэсээ ярилцлагаа эхэлье.

-Миний аав хүний их эмч, доктор хүн байсан. 1977 онд тэр үеийн нам, засгийн томилолтоор Эрдэнэт хотод чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байна гэсний дагуу манайх гэр бүлээрээ нүүж ирсэн. Тухайн үед аав маань эрдмийн зэрэг хамгаалсан хотдоо гайгүй ажил хийж байсан ч шинээр байгуулж байгаа Эрдэнэт хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийг удирд гээд даргаар нь томилж явуулж байсан юм билээ. Ингээд бид шинээр бүтээж байсан сайхан хотод 7 жил амьдарсан. Эрүүлийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааг өргөжүүлж аав минь олон ажил санаачилж барилгын ажил нь эхлээд байсан Нэгдсэн эмнэлгийг ашиглалтад хүлээн авах хүртэл нь ажилласан. Тиймээс бид аавынхаа энэ их үйлсийг хүндэтгэж, мөн аавынхаа гэгээн дурсгалд зориулж өнгөрсөн онд БОЭТ-д 20 гаруй сая төгрөгийн тоног, төхөөрөмж бэлэглэсэн.


-Тухайн үед Эрдэнэт хот ямар байв? Та тэр үед хэдэн настай байсан бэ?

-1977 онд Эрдэнэт хотод энд, тэндгүй л барилгын ажил өрнөж байлаа. Би 10 дугаар ангид байсан. Тэр үед Эрдэнэт хотын нэгдүгээр хорооллыг бариад дуусчихсан хоёрдугаар хороолол нь эхэлж байсан. Харин одоо долоон хороололтой болж их өргөжжээ. Би зун пионерийн зусланд амарчихаад ирэхэд хоёрдугаар хороолол ашиглалтад ороод манайх Говил багт гэрт байсан бол орон сууцанд  нүүгээд орчихсон байсан. Бүтээн байгуулалт тийм л хурдан өрнөж байлаа. Өдөр, шөнөгүй л энд, тэнд алхны чимээ, том, том машинууд зорчоод л одоо ч нүдэнд харагддаг. Эргээд бодоход ааваараа ч их бахархаж байна. Манай аав Монголд халдварт өвчин судлалаар докторын зэрэг хамгаалсан хоёрхон хүний нэг нь. Улс орон даяар тархсан гэдэсний халдварт өвчнийг устгахад гар бие оролцож эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлсэн. Монголын анагаах ухааны салбарт нэрээ мөнхөлсөн хүн дээ.


-Та тэгээд хэдэн жилийн дараа Эрдэнэт хотдоо ирж байна вэ?

-Манайх 1984 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Би 2006 онд ирж байсан. Тэр үед нэг их өөрчлөгдөөгүй юм шиг санагдаж байлаа. Харин одоо 16 жилийн дараа ирсэн бүр танигдахааргүй болжээ. Ганцхан Эрдэнэт хот гэлтгүй Монгол Улс сүүлийн 10 жилд хурдацтай хөгжсөн байна.

Би нэгдүгээр 10 жилийг төгсөөд Эрхүүгийн Тооцоолон бодох сургуульд элссэн. Тухайн үед шалгалтандаа  тэнцээд эхний хоёрт жагсаад Эрхүүгийн хуваарийг шууд авч байлаа. Тэндээ хоёр жил сурч дараа нь Украины Хайрку хотод 4 жил сурсан. Орост нийт 6 жил сурч, төгсөөд Улаанбаатар хотод Статистикийн төв газарт орсон. Тэндээс ажлын гараагаа эхэлсэн. 1984-1989 онд хүртэл ажилласан. Манай төвд анхны микро компьютер орж ирээд, түүн дээр ажиллах англи хэлтэй хүн байдаггүй. Ашиглах боломжгүй учир нэг хэсэг тоогоогүй. Уг нь англи хэл дээр гарын авлагатайгаа ирсэн юм билээ. Би англи хэлтэй байсан учраас намайг шинээр ирж байгаа тоног, төхөөрөмж дээр ажиллуулна. Сүүлдээ ч их том, том “машин”-ууд ирдэг боллоо. Тэр нь уг нь тийм том хэрнээ дөрөвхөн мегабайт хардтай. 

Компьютерын хөгжил тийм л байлаа. 29 мегабайтын хард дисктэй дөрвөлжин хар том компьютерээ өөрөө авч яваад Москвад засуулж байлаа. Сүүлдээ жижиг компьютерууд ирж эхэлсэн. Хүмүүс  машин шиг том төхөөрөмж дээр ажиллаж байсан бол ширээн дээрээ тавьдаг жижиг компьютеруудыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй байв. Англи хэлтэйгээрээ чи үзээд манайд хэрэгтэй юмуу хэрэггүй юмуу судлаадах гээд дарга нар хэллээ. Ингээд судалж өгсөн. Тэгээд чи ийм жижиг компьютерууд дахиад олоод ир, гаднаас хаанаас авахаар байна судал гээд дахиад үүрэг өглөө. Би НҮБ-ын нэгэн төсөл дээр ажиллаж байсан учир сайн судаллаа. Ингээд 10 мянган ам. доллароор Хонгкокоос 4,5 компьютерыг оруулж ирээд хүмүүсдээ зааж өгч байсан.


-Тэр том компьютерыг чинь киноноос харж байлаа. Тэгэхээр та Статистикийн төв газрыг компьютержуулахад их хувь нэмрээ оруулжээ. Дараа нь ямар төсөл дээр ажиллав?

-1987 онд Монгол Улс хүн амаа регистржүүлэх том төслийг эхлүүлсэн. Түүнийг НҮБ-ын хөрөнгө, тусламжаар хийсэн. Өөрөөр хэлбэл, хүн амдаа регистр олгох ажил гэсэн үг. Жишээ нь Эрдэнэт хотын хүмүүсийн регистр ШВ-ээр эхэлдэг шиг тэр ажлыг бид хийж эхэлсэн. Уг ажлыг хийхэд гурван хүн туршлага судлахаар гадагшаа явсны нэг нь би орчуулга хийх зорилготой явлаа. НҮБ  Швед, Норвеги, Финланд гэсэн гурван оронд хүн амын регистрыг хэрхэн хийж байгааг туршлага судлуулахаар хөрөнгийг нь гаргуулаад явуулж байгаа юм. Ингээд бид тэнд очоод олон зүйл сурсан.


-Хүн амыг регистржүүлээд дараа нь мэдээллийг нь компьютертээ оруулсан юмуу?

-Тийм. Нэгд, хүн амаа яаж регистржүүлэх вэ гэсэн аргачлалаа боловсруулаад дараа нь судалгаанд суурилан бүх аймагт байрлах Статистикийн төв газрын салбар луу илгээсэн. Ингээд энэ мэдээллээ компьютерт шивж оруулсан. Дараа нь хүүхэд төрлөө гэхэд төрсөн газарт нь регистр өгнө, хүн нас барлаа гэхэд мэдээллээсээ хасна. Монголд хаана, хэдэн хүн байгаа, хэдэн хүн нас барсан гээд нэгдсэн мэдээлэлтэй болсон гэсэн үг.


-Одоогийнхоор И-Монголиа шиг л бүх дата, мэдээллийг нэгтгэж эхэлж гэж харлаа.

-Тэр үедээ л и-монголиа байсан. Гэхдээ өнөөдрийнх нь шиг төгс болж чадаагүй ч яг ийм зарчмаар ажиллах төлөвлгөөтэй байсан юм. Даанч болоогүй.


-Яагаад?

-Ардчилсан хувьсгал гарч нийгэм эмх, замбараагүй болсон. Хэрэв тэр үедээ бидний төлөвлөгөөгөөр явсан бол бид аль хэдийн и-монголиатай болчихсон байх байсан. Амьдарч байгаа газраасаа иргэний бүх бүртгэлээ авчих байлаа.


-Төлөвлөгөө талаар боллоо, ардчилал гарч нийгэм бужигнаж эхэллээ. Дараа нь ямар үйл явдал өрнөв?

-Би 1989 онд Японд мэргэжил дээшлүүлэх курст яваад 1990 онд ирсэн. Тэгсэн Статистикийн төв газрыг хэт том бүтэцтэй, орон тоог нь цөөлье, эсвэл татан буулгая гэж ярьж эхэлсэн. Ингээд Статистикийн төв газрын 50 хүнээс халаад 20 үлдсэн. Би Японоос мэргэжил дээшлүүлээд ирсэн чинь бүр ажилгүй болчих шахаад. Арай гэж үлдлээ. Тэгээд шинээр ирсэн компьютерүүдээ сүлжээнд холбоод, засаад, шинэ принтер ирвэл холбоод тийм л ажил хийж эхэллээ. Тэгсэн нэг өдөр НҮБ-аас дуудсан. Өмнө нь манайхтай хамтарч ажиллаж байсан НҮБ-ын мэргэжилтнүүд намайг жижиг компьютерүүдийг сүлжээнд холбоод, ажиллаж байгааг харчихаад “тоосон” юм байлгүй АНУ-д очиж ажиллаач гэсэн урилга ирсэн. Тухайн үед эхнэр маань давхар биетэй байлаа. Уг нь орос хэлтэй, дээд сургуульд ажиллаж байсан чинь бас англи хэлтэй хүн авна та хэрэггүй гээд ажлаасаа халагдчихсан байсан. Гэр бүлийн байдал ч ийм байсан учир би НҮБ-д орж ажиллая гэж шууд шийдсэн. Ингээд 1990 оны 7 дугаар сарын сүүлээр НҮБ-ын Энхийг сахиулах байгууллагад ажилласан. Эхнэр, 2 хүүхэдтэйгээ хамт нүүсэн дээ.


МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ХӨГЖЛИЙН ХАМГИЙН ХУРДАН ЗАМ


-Та одоо НҮБ-д ямар ажил эрхэлдэг вэ?

-НҮБ-ын Ерөнхий ассамблейн газрын Мэдээллийн системд Edelgete.un.int  гэсэн систем хариуцан ажилладаг. Энэ систем нь НҮБ-ын 193 орон, гурван ажиглагч орны онлайн парламентын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Олон улсын хоорондох бүхий л яриа хэлэлцээр, хурал, зөвлөгөөн, шийдвэрийг багтаасан портал систем юм. Би анхны систем, программуудыг нь бичиж байсан. Мөн Статистикийн төв газартаа мэдээллийн сан, мэдээллийн вэб хуудас анх хийж бас интернэтийн олон улсын анхны хуралд сууж байлаа.


-Та ярианынхаа эхэнд цахим хөгжил яах вэ хүний хөгжил их чухал байна гэж хэлж байсан. Хоёулаа энэ сэдвээр ярилцъя. Монголын хөгжил, хүний хөгжил танд хэрхэн харагдав?

-Монгол Улс хөгжлөөрөө дэлхийн 220 орны дунд явж байгаа ч хүний хөгжил, хүмүүжил, итгэл үнэмшил, залуучуудын идэвхтэй байдал нь маш чухал юм. Хүнийг багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Монголд энэ хүмүүжил, төлөвшил, хүндэтгэл гэдэг зүйл багассан юм шиг санагдсан. Хүн гэртээ л хүмүүждэг. Япон, Герман улсын хөгжлийн нууц нь хүнийг гэрт нь маш сайн хүмүүжүүлж нийгэмд “гаргадаг”. Япон ээж, аав нар хүүхдээ хүмүүжүүлэх хүмүүжлийн 10 арга байдаг. Энэ хүмүүжил нь тэднийг хөгжүүлсэн. Тэд хөдөлмөрч байдаг, шударга байдаг. Улс орныг жижиг бизнес нь хөгжүүлдэг шиг хүн өөрийнхөө амьдралыг жижиг бизнесээр авч явж байгаа тохиолдолд улс орон хөгжинө.


-Хүүхэд хүмүүжүүлэх их хэцүү?

-Хүмүүжүүлэхэд систем хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хүүхэд гэртээ хүмүүждэг учраас ээж нарын ажлын цаг бага байж хүүхдээ зөв хүмүүжүүлэх, дадалд сургах нь чухал юм. Японд хүүхдүүд сургуулийнхаа жорлонг цэвэрлэдэг, Герман ээж нар хүүхдүүдээ нийгэмд төвөг болохгүй хэрхэн амьдрахыг багаас нь зааж сургадаг.

Баруунд  нэг хэлц үг байдаг. “Ээж чинь чамд бусдад сайн үг хэлж бай гэж заагаагүй юм уу” гэж. Энэ нь хэрэв чи хүнд сайн үг хэлж чадахгүй бол үг битгий хэл гэсэн агуулгатай. Ийм сургаалаар хүмүүжсэн хүн хүнд аль болох сайн л үг хэлэхийг хичээнэ биз дээ. Гэтэл Монголд цахимд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийг харахад, дийлэнх нь сөрөг. Хүнд муу муухай үг хэлж байгаадаа бүр юман чинээ тоохгүй байдаг. Монголыг хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжлийн олон замаас энэ зам хамгийн хурдан нь болов уу гэж бодож байна. Энэ бол асар том өөрчлөлтийг бий болгож чадна. Бас их хэмжээний зардал мөнгө ч шаардагдахгүй юм.


-Бидний цахимд үлдээж буй ул мөр их л дээ.

-Цахимын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ирсэн гэхэд хилсдэхгүй. Монгол Улс өөрийн цахим платформ, харилцааны хэрэгсэлтэй болох хэрэгтэй. Өөрийн фэйсбүүктэй гэсэн үг. Тиймээс анхаарах шаардлагатай олон зүйл бий.

-Ярилцсанд баярлалаа.

 

相关新闻