ДАРХАН-УУЛ: “Хүний эрх, Эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Монголын “Эмнести интернэшнл” байгууллага, Монголын шог зураачдын “Шогч бийр” холбоо хамтран Дархан хотод “Хүний эрх, Эрх чөлөө” сэдэвт шог зургийн үзэсгэлэн толилуулж байна. Долоо хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнг аймгийн Соёл, урлагийн газар, Музей, Зураач, урчуудын эвлэл дэмжин хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэнд Ардын зураач Ц.Байды, СГЗ С.Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ, Ж.Төмөрхуяг, СТА Л.Өлзийбат, М.Амархүү, А.Амарсайхан, С.Болд, Д.Цогт, М.Моломжамц, Д.Хуягт, Д.Мянганзам зэрэг 19 шог зураачийн 123 бүтээл дэлгэжээ.
Иргэний эрх зөрчигдсөнийг олон хэлбэрээр нийгэмд харуулж болдог бөгөөд түүний нэг нь зураг юм. Тэр дундаа шог зургаар егөөдөж, болж буй болон болсон үйл явдлын алдаа, дутагдлыг уран сэтгэмжээр илэрхийлэн гаргаж цаашид давтахгүй байх тал дээр сануулга өгдөг ажээ.
Монголын “Эмнести интернэшнл” байгууллага, Монголын шог зураачдын “Шогч бийр” холбоо хамтран дөрвөн удаагийн үзэсгэлэнг зохион байгуулсан аж. Орон нутагт анх удаа дэлгэж буй энэхүү үзэсгэлэнг 400 гаруй бүтээлээс сонгон олны хүртээл болгож байна.
Монголын “Эмнести интернэшнл” байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл нь хүний эрхийн боловсролын сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил аж. Энэхүү үзэсгэлэнгийн санааг анх хүний эрхэд ээлтэй сургууль хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа олсон гэж тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга С.Ганчимэг онцолж байлаа.
Тодруулбал, хүний эрхэд ээлтэй сургууль
хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хичээл сургалтаараа хүний эрхийн
ойлголт мэдлэгийг хүүхдүүдэд хэрхэн хүргэж болох вэ? гэдэг чиглэлээр
багш нарын дунд уралдаан, тэмцээнд сурагчдын дунд зохион байгуулсан үйл ажиллагааны
дундаас хүүхдүүд өөрсдийн үгээр илэрхийлэх үзэл санаагаа уран бүтээлээрээ
тусгаж илэрхийлж гарган оролцож байжээ.
Үүнээс үүдэн шог зураг гэдэг болбол нийгэмд байгаа тулгамдсан асуудлуудыг уран сайхны арга болон ёгтолсон хэлбэрээр хүнд хүргэхэд чухал нөлөөтэй байдаг юм байна гэдгийг олж харсан. Тиймээс шог зурагчдынхаа дунд “Хүний эрх шог зургаар” сэдэвт уралдааныг зарлаж тухайн уралдаанд маш олон шог зураач бүтээлээ ирүүлсний үр дүнд өнөөдрийн үзэсгэлэнгийн хэмжээнд тавихаар бүтээлүүд цуглажээ.
Улаанбаатар
хотод дөрвөн
жил дараалан одоо зохион байгуулсан. Эхний хоёр жил “Хүний эрх ба эрх чөлөө” сэдвээр гурав дахь удаагийн үзэсгэлэнг
“Хүний
эрх ба цар тахал” сэдвээр дөрөв дэх нь “Хүний эрх ба уур
амьсгалын өөрчлөлт” сэдвээр зохион байгуулжээ.
Тус үзэсгэлэнд орон нутгаас Дархан-Уул аймгийн зураач, МУСТА Д.Мянганзамын 10 гаруй бүтээл дэлгэгдсэн аж.
Шог зургаар төлөөлүүлэн иргэний зөрчигдөж буй
эрхийг шийдвэр гаргагчдад хүргэхээс гадна тухайн бүтээлийг үзсэн хүн бүрт алдаа
дутагдлыг олж харах боломжтой байдаг. Тиймээс шийдвэр гаргагчаас гадна иргэд ч
гэсэн санаатай болон санаандгүйгээр бусдын эрхэнд их, бага хэмжээгээр халддаг.
Тэгвэл өнгөрсөн жилүүдэд цар тахлаас болж ямар байдал үүсэж байсныг уг үзэсгэлэнгээс тод харах боломжтой бөгөөд улс орны нөхцөл байдлыг ч тусган харуулжээ







