Соёл урлагийн байгууллагууд спортоор өрсөлдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМанай улсад “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг 1993 оноос тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш эдүгээ 23 дахь жилтэйгээ золгож байна.
Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж, өвлүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа урлаг, соёлын байгууллага болон нийт уран бүтээлчдийн хөдөлмөрийг хүндэтгэж тэмдэглэдэг өдрийн нэг нь “Соёл, урлагийн ажилтны өдөр” билээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг хүндэтгэн тэмдэглэсээр иржээ.
Эл өдрийг угтан энэ сарын 3, 4-нд урлаг, соёлын байгууллагуудын дунд шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, “Спортын наадам”-ын үйл ажиллагааг эхлүүллээ. Шатрын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс шатрын эрэгтэй төрөлд алтан медалийг Б.Цэцэнбаатар /Театрын музей/, мөнгөн медаль С.Болдбаатар /МҮЭСТО/, шатрын эмэгтэй төрөлд алтан медаль С.Адъяаням /Монголын Хүүхдийн номын ордон/, мөнгөн медаль Ш.Жаргал /УДБЭТ/ нар хүртэж шилдгээр тодров.
Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 18, эмэгтэй 14, нийт 32 баг тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорисон юм. Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд УДЭТ тус тус алтан медаль хүртлээ.
Гар бөмбөгийн тэмцээнд нийт 21 баг оролцсоноос СУИС алтан медаль хүртэв.
Энэ жилийн баярт нийт 30-аад байгууллага оролцох юм. Тус өдрийг спортын наадам, нийгэм хүмүүнлэгийн ажил, эрүүл агаар, эрч хүч гэсэн чиглэлээр зохион байгуулна.
Өдөрлөгийн арга хэмжээ энэ сарын 10,11-нд Чингисийн хүрээ цогцолборт “Эрүүл агаар, эрч хүч” уриан дор үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, асуулт хариултын “АХА” тэмцээн, сээр зохих тэмцээнээр үргэлжлэх юм.
Ж.Болор