Сүхбаатар аймагт гарсан гал түймэр иргэний болгоомжгүй байдлаас үүджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа
арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын
Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээллээ.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа
Ц.Нямбаяр, "2023
оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсын найман аймгийн 17
суманд 25 удаагийн ой хээрийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Өнөөдрийн байдлаар,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд дөрөвдүгээр сарын 8-нд гарсан түймэр
Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутгаар тархсан. Энэ түймрийг унтраахаар
Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой Байдлын газраас 72 алба хаагч Дорнод аймгийн
ОБГ-ын дарга, хурандаа Г.Нармандахаар
ахлуулан ажиллаж байна.
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд энэ сарын 8-нд гарсан
түймрийг унтраахаар тус аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ш.Баасандоржоор
ахлуулсан бүлэг ажиллаж, өчигдрийн байдлаар цурамд оруулсан. Одоо бүрэн
унтраахаар ажиллаж байгаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд энэ сарын 8-нд гарсан түймрийг
өнөөдөр унтрааж, сум, орон нутгийн байгаль хамгаалах албаны хүмүүст хүлээлгэн
өгсөн.
Мөн Дорнод аймгийн Булган суманд гарсан түймрийг унтраахаар
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ОБГ-ын алба хаагч нар ажиллаж байна.
Нийт нутгаар ойрын өдрүүдэд хуурайшилт өндөр түвшинд байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгсөн сэрэмжлүүлэг болон цаг агаарын мэдээллээр тухайн бүс нутагт гарсан түймэр богино хугацаанд их талбайг хамрах нөхцөл байдал үүссэн" гэв.
Мөн тэрбээр цаг
уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, ойрын өдрүүдэд салхи шуурганы хүч ихтэй, хур тунадастай газраар цасан шуурга,
хур тунадас ороогүй зүүн болон говийн аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурч
байгаа. Иймд гарсан түймэр богино хугацаанд их талбайг хамарсан нөхцөл байдалтай байна.
Хуурайшилт ихтэй үед малчид, иргэд хөдөө орон нутгаар зорчихдоо галын аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж
байгаа. Гэсэн хэдий ч түймэр гарсаар байна. Сүхбаатар аймагт
гарсан түймэр иргэний санамсар болгоомжгүй байдлаар гарсан нь эхний байдлаар
тогтоогдож байна. Түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Сүхбаатар аймгийн цагдаагийн
газар ажиллаж байгааг тэрбээр мэдээлэв.