ДАРХАН-УУЛ: Эмнэлгийн мэргэжилтний ур чадварын анхдугаар тэмцээнд Нэгдсэн эмнэлгийн баг түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-12 08:54:52

Дархан /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлгээс санаачлан “Цэнхэр кодоор тусламж үзүүлэхэд эмнэлгийн мэргэжилтний оролцоо” сэдэвт амилуулах тусламжийн ур чадварын анхдугаар тэмцээн энэ сарын 7-ны өдөр зохион байгуулжээ. Уг тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Орхон, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд тус бүр өөрсдийн баг бүрдүүлж оролцсон аж.



Тэмцээнд kahoot, quiz maker программаар оролцогчдын мэдлэг хандлагыг үнэлэх сорил, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үеийн халдвар хамгааллын дэглэм, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх тохиолдол дээр суурилсан асуулт хариулт, QR кодоор сэтгэл ханамжийн судалгаа бөглөх зэрэг орчин үеийн сургалтын цахим техник, технологийн дэвшлийг ашиглажээ.


Мөн тэмцээний бүх үйл ажиллагааг орон нутагт цахим хэлбэрээр шууд дамжуулалт хийж, танхим, цахим хосолсон хэлбэрээр нийт 260 гаруй эмч, резидент эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг оролцуулжээ.


Тэмцээнд Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нараас бүрдсэн яаралтай тусламжийн салбарын тэргүүлэх зэргийн дадлага туршлагатай эмч, мэргэжилтнүүд шүүгчээр ажилласан аж. Тэмцээний тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Амин зүрх” баг, дэд байрыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Golden time” баг, удаах байрыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн “3Х” багууд тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болжээ.


 

相关新闻