ОРХОН: Татварын хэлтэс энэ онд аймаг, сумын төсөвт 217 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-21 13:50:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Татварын хэлтэс өнгөрсөн онд сум, аймгийн төсөвт нийт 156 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 14.2 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Улсын төсөвт 14.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Энэ онд сум, аймгийн төсөвт 217 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээгээд ажиллаж байна хэмээн Татварын хэлтсийн дарга Б.Цэвээнсүрэн хэллээ.

Өнгөрсөн онд тус хэлтсээс “Олон нийтийн татварын боловсролыг дээшлүүлэх” жилийн хүрээнд татвар төлөгчдийнхөө татварын боловсролыг дээшлүүлэх, цахим татварын албаны үйл ажиллагааг сурталчлах, цахимаар төлөх, тайлагнах, бүртгүүлэх, татвар төлөгчөөс хасагдах зэрэг үйл ажиллагааг сурталчлан таниулах ажлыг түлхүү зохион байгуулсан байна.

Түүнчлэн НӨАТ-ын урамшууллын системийн хүрээнд и-баримт аппликэйшнийг сурталчлан таниулахад гол анхаарлаа хандуулан ажиллажээ.

Цаашид ч энэхүү ажлаа үргэлжлүүлэх, татварын үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй үзүүлэхэд анхаарч ажиллах аж.

相关新闻