Ливаны гэрэл зурагчин "Хулгайлагдсан амьдрал"-аа "дэлгэв"
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ливаны гэрэл зурагчин Виссам Хури баримтат гэрэл зургийн "Хулгайлагдсан амьдрал" үзэсгэлэнгээ энэ сарын 21-нд "Монгол арт" галерейд нээлээ.
Ойрхи Дорнодоос гаралтай баримтат гэрэл зурагчин тэрбээр Ливан, ОХУ, Беларусь оронд боловсрол
эзэмшсэн уран бүтээлч юм.
Тэрбээр Зүүн Европ, Кавказ, Төв Азийн хүний нүдэнд тэр бүр өртөөд
байдаггүй газруудыг нээн, гэрэл зургаар дамжуулан тэмдэглэж үлдээхээр зорьж буй
аж. Ливанд өрнөсөн иргэний дайны үеэр 1975-1990 онд 150 мянга гаруй хүн нас
барж, 17 мянга орчим хүн сураггүй алга болсон гэдэг. Тэр дунд албадан зохион
байгуулалттай сураггүй болсон хүмүүс байсан бөгөөд олон
мянган хүн шархдан, гэр орноосоо дүрвэхэд хүрчээ. Түүнчлэн улс орны бүхий л түвшинд нөлөөлсөн
асар их хэмжээний сүйрэл, материаллаг хохирол учирсан байна.
Ливаны үе үеийн эрх баригчид 1990 онд дайн дууссанаас хойш сураггүй алга
болсон болон албадан сураггүй болгосон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх, энэ
асуудалд зохих хэмжээний санаа тавьж ажиллаж чадаагүй байна. Тэд дайны жилүүдэд
амь үрэгдэгсдийн ар гэрийнхний гаргасан нэхэмжлэлийг үл тоомсорлосон бөгөөд энэ
нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй үргэлжилсээр байгаа аж.
Хүн хулгайлах, нуун дарагдуулах ажиллагааг Ливаны байлдааны цэргүүд, мөн
тухайн үед тус улсад байсан зарим бүс нутгийн зэвсэгт хүчин гүйцэтгэсэн нь
илэрхий байдаг. Мөн дайны удирдагчид, дэмжигчид ард иргэдийнхээ дунд амьдарч, Ливаны нийгмийн салшгүй хэсэг болон одоог хүртэл чөлөөтэй
явсаар байна. Тэд одоо дайны үеийнхээсээ ашиг сонирхлын ялгаатай тус бүрийн
ажлыг эрхлэн амьдарч байна. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс дайны үеийн тод
дурсамжаасаа салаагүй юм. 2000 онд Ливаны Засгийн газар улс орны янз бүрийн газарт
цогцсуудыг хаяж, заримыг нь олноор булшлуулсныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
Үүнд гурван оршуулгын газрыг тусгайлан дурдаж, мөн иргэний дайны үеэр зарим
цогцсыг далайд хаяж байсан тухай мэдээлсэн байна.
Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх баримтат гэрэл зурагчин Виссам Хуригийн бүтээлээс сонирхуулж байна.