Монголын багийнхан Риогийн тэнгэрт соёмбот тугаа өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-09-07 13:07:35

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны паралимпийн 15 дугаар наадам эхлэхэд нэг хоног үлдлээ. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөхөөр тосгонд байрласаар байна. 

“Рио 2016” паралимпид оролцож буй Монголын баг Олимпийн тосгонд өчигдөр туг өргөх ёслолоо хийжээ. Энэхүү арга хэмжээнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх Г.Баттогтох нарын албаны хүмүүс болон баг тамирчид оролцсон юм.

Энэ үеэр Олимпийн тосгоны дарга Жанет дос Сантос Арсайн хэлэхдээ “Бид бүгдийн хүсэн хүлээсэн “Рио 2016”’ паралимп эхлэхэд улам ойртоод байна. Дэлхийн олон орны баг тамирчид олимпийн тосгонд байрлаж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо. Тамирчин та бүхэн улс орноо төлөөлөн оролцож байгаа нь хамгийн том баяр билээ. Бас энэ бол маш том үүрэг, хариуцлага байдаг.  Тамирчин та бүхэнд спортын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

"Рио 2016" паралимпид Монгол Улсын найман тамирчин өрсөлдөнө. Тэдний дунд “Бээжин 2008”-н аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь удаагаа оролцох Б.Оюун-Эрдэнэ, А.Мөнхбат нар багтжээ. Мөн анх удаа таван тамирчин оролцох гэж байна. Монголын парагийн хороо энэ удаагийн паралимпид хэвлэлийн албан ёсны төлөөлөгчтэй оролцож байна. Олимпийн тосгонд Монголын баг 14 байрны 11, 12 давхарт байрлаж байна.Рио 2016” паралимпийн наадмын нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 7-ны өдөр алдарт "Маракана" цэнгэлдэхэд болно. Монголын багийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр хөнгөнатлетик, жүдо бөхийн төрлөөр эхэлнэ.

БАЙТ ХАРВАА: Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр

ЖҮДО БӨХ: А.Мөнхбат, Б.Ууганхүү

БУУДЛАГА: З.Ганбаатар

ХӨНГӨН АТЛЕТИК: Г.Цогтгэрэл

ПАУЭРЛИФТИНГ: Э.Содномпилжээ нарын тамирчин оролцож байна.

Ж.Батсайхан

相关新闻