АХБ-ны Суурин төлөөлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-07 13:49:31

Эрүүл мэндийн сайд өнөөдөр АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэнттэйг хүлээн авч уулзаж салбарт хэрэгжиж буй төсөл  хөтөлбөрүүдийн үр дүн, цаашид хэрэгжих төслийн талаар ярилцлаа.

 Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн  сайд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд АХБ-ны оруулж  буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, “ЭМССС-VI буюу эмзэг бүлгийн иргэдэд хүргэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжихээр болсон нь цаг үеэ олсон. Учир нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар тэр дундаа хоёрдугаар шатлалын  эмнэлгийг шинээр барьж байгуулах, сэргээн засварлахаар тусгасан. Аймаг сумдын цусны банкуудад эмнэлгийн болон  эмнэлгийн бус тоног төхөөрөмж нийлүүлэх тендр  буруу зарлагдсанаас болж, АХБ-наас зүй бус худалдан авалт хэмээн зарлаж 4.7 сая ам.долларын санхүүжилт авах боломжгүй болоод байна. Тиймээс  энэ алдааг засахад хоёр тал хамтран ажиллаж зөв шийдэлд анхаарч судалж үзэхийг  хүслээ.

Хатагтай Ёланда Фернандез Ломмэнт Монгол Улсын Засгийн газартай харилцаж байгаа амжилт түүх бидний хувьд бахархал гэдгийг онцлоод  “Тун удахгүй  Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах хөгжлийн стратегиэ  боловсруулж  ирэх 11 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан танилцуулна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ бэлэн болгох нь чухал. Энэ салбарт хэрэгжих төсөл хөтөлбөр урьдчилсан байдлаар орсон хэдий ч Сангийн яамтай тохиролцох ёстой учраас энэ талд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” гэв.

 Мэргэшсэн эмч болохын тулд 5-6 жил төлбөр төлж суралцаж төгсөөд үргэлжлүүлэн резидент эмчийн сургалтад  хамардаг нь  эдийн засгийн хувьд хүнд дарамт болж байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд  жилдээ 15 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Резидент эмч нарыг цалинтай сургахад АХБ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд, нөөц бололцоогоо судалж эргэн сайдад хариу  хэлэхээ мэдэгдэв.

Шинээр хэрэгжиж эхлэх ЭМСХХ-VI төсөл нь  Улаанбаатар хотын ядуу  эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах  зорилгоор шинээр 10 өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн шинэ эмнэлэг нэгийг  барьж байгуулах, хоёр эмнэлгийг сэргээн засварлах зэрэг ажлыг хийхээр  төлөвлөжээ.

相关新闻