Дорноговийнхон дугуй унаж чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлдэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд хотод дугуй сонирхогчдын тоо жил ирэх тусам олширч байна. Энэ нь хотын төвдөө дугуйн замтай болсны нотолгоо юм.
Энэ оны зургадугаар сард Сайншанд хотод 1.3 км дугуйн замыг “Борхойн тал” ХХК 590 орчим сая төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулав.
Хотын төв цэгээс дөрвөн зүгт 100 метрээс 1 км хүртэлх зайд дугуйчид стандартын замаар аялах боломжтой болсон бөгөөд дугуйн замтай болсон нь иргэдийг дугуй унах, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх боломжийг олгосон байна.
Тухайлбал,өнгөрөгч амралтын өдөр “Бид зугаалагч биш аялагч" дугуй сонирхогчдын аялал Сайншанд хотын өмнө зүгт байх жуулчны баазын орчимд боллоо.
“Дугуй сонирхогчдын бүлэг”-ээс санаачилсан энэ аялалд 12-60 насны нийт 40 гаруй дугуйчин оролцож 35 км зам туулсан бөгөөд 12 нь эмэгтэй дугуйчид байсан аж.
Дугуйчид багуудад хуваагдан буухиа тэмцээн, бартаат замын уралдаан, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж ялагчдыг шагнаж урамшуулав.
Дашрамд дурдахад Сайншанд хотын дугуйчид өдөр бүрийн 19 цагийн үед Сайншанд-Хамарын хийдийн засмал замаар дугуйн ойрын зайн аяллыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай болжээ.
Х.Эрдэнэбулган