Орхон аймаг ОХУ-ын Буриад Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут нар энэ сарын нэгнээс дөрөвний хооронд ОХУ-ын Буриад Улсын Улан-Үдэ хотын түүхт 350 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.
Орхон аймаг нь Буриад Улсын Улан-Үдэ хоттой 2001 онд ах, дүүгийн харилцаа тогтоож спорт, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн юм. Түүнчлэн Монгол Улс нь ОХУ- руу визгүй зорчих болсонтой холбоотойгоор аялал, жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд түлхүү хөгжиж хамтын ажиллагаа улам өргөжсөн ажээ.
Ойн баярын үеэр аймгийн удирдлагууд Буриад улсын Боловсролын дэд сайдтай уулзаж Орос 19 дүгээр сургууль болон цэцэрлэгийн цаашдын хамтын ажиллагааг бататгах талаар ярилцлаа. Мөн хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарт хамтрах, Орхон аймагт Улан-Үдэ хотын нэрэмжит “Худалдааны гудамж” байгуулах зэрэг хэд, хэдэн санал гарчээ.
Ойн баярын үеэр Улан-Үдэ хотын дарга А.М.Гольков 110 жилийн түүхтэй 65 дугаар сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсан юм.
Б.Оюун-Эрдэнэ