"Тагтаа" хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр уран бүтээлээ танилцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам, Базел хотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол гэр” соёлын сайн дурын байгууллага хамтран зохиолчийн өдөрлөг арга хэмжээг 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас хүрэлцэн очсон "Тагтаа" хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр оролцож, хятад хэлнээс хөрвүүлсэн зохиолуудаа танилцуулахын зэрэгцээ өөрийн яруу найргийн дээжээсээ иргэдэд толилуулсан байна. Мө.Батбаяр нь уран бүтээлийн "Бүгд өөрийн гунигтай", "Өртөөн дээр хэлэгддэг үгс", "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" зэрэг ном бичсэний зэрэгцээ Хятадын зохиолч Үй Хуа-гийн "Амьдрахуй", "Цусаа худалдсан тэмдэглэл", Ян Лянкө-гийн "Дин тосгоны зүүд" романыг орчуулсан юм.
Арга хэмжээнд оролцсон Элчин сайд Д.Гэрэлмаа “Монгол гэр” соёлын сайн дурын байгууллагаас Монголын залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлээд, орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын цаашдын уран бүтээлд амжилт хүсжээ.