ДАРХАН-УУЛ: Он гарснаас хойш гэртээ төрсөн долоон тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-10 08:11:28

Дархан /МОНЦАМЭ/. Эмнэлгийн бус орчин буюу гэр төрөлт 2023 оны эхний таван сарын байдлаар 7 тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал эмнэлгийн бус орчинд тэр дундаа гэртээ төрөх тохиолдол нь ихэвчлэн гурав болон түүнээс дээш төрөлттэй эхчүүдэд ажиглагдаж буй талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 25 буюу жилд дунджаар 8 орчим тохиолдол бүртгэгдсэн. Харин энэ оны эхний таван сард 7 бүртгэгдсэн нь цаашид нэмэгдэх хандлагатай гэж үзэж байна.

Учир нь төрөлтийн өвдөлт богино хугацаанд үргэлжилж эхчүүд түүнийгээ төрөх болоогүй гэж тайвширч байгаатай холбоотой аж. Дуншилт, төрөлтийн жигд өвдөлтөө ялгахгүй байгаа нь гэр төрөлтөд бүртгэгдэхэд хүргэж байна гэж Нэгдсэн эмнэлгийн поликлиник тасгийн жирэмсний зөвлөгөө өгөх кабинетын их эмч Ч.Оюундарь хэлж байна. Жигд өвдөлт өгсөн тохиолдолд яаралтай эмнэлэгт очих, эвсэл 103 дугаарт дуудлага өгөх шаардлагатай ажээ. Хоёр болон түүнээс дээших төрөлтийн жигд өвдөлт нь эхний төрөлтүүдээс богино хугацаанд үргэлжилж байгаа тул жирэмсэн эмэгтэйчүүдийг үүнийг мэдэхгүй байх, урд өмнөх төрөлтүүдтэйгээ харьцуулж цаг алдах нь гэр төрөлтийн тоог нэмэгдүүлдэг аж.

Эмнэлгийн бус орчин буюу гэр төрөлт нь эх, хүүхдэд сөрөг үр дагавартай байна. Учир нь эх, нярай халдвар авах, эх цус алдах, мэргэжлийн эх баригч хүүхдийг эх барьж аваагүйн улмаас гэмтэл, согогтой төрөх магадлалтай ажээ. Тиймээс урд өмнөх төрөлтүүдийн өвдөлттэй харьцуулах бус, жигд өвдөлт өгч эхэлсэн тохиолдолд 103 дугаарт дуудлага өгөх, эсхүл өөрийн биеэр эмнэлгийн байгууллагад очихыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

相关新闻